|
Нүүрс боловсруулснаар нефтийн дотоодын хэрэгцээгээ хангаад зогсохгүй экспортолно
Уг нь манай улсад газар доорх баялгаа богино хугацаанд зөв ашиглаж чадвал хөгжилтэй орнуудын тоонд орох боломж их бий. Ялангуяа хэн ч тоодоггүй хүрэн нүүрсийг хийжүүлж шингэрүүлэх замаар түлш шатахуун болон төрөл бүрийн химийн бодис гарган авах талаар мэргэжилтнүүд хэдийнэ судлаад “Нүүрс” хөтөлбөрийг УИХ-д оруулчихаж.
Гэтэл аливаа хуулийн төслийг өөрсдөдөө ашигтайгаар шийдэхийг хичээдэг зантай УИХ-ын гишүүд “Нүүрс” хөтөлбөрийг хэлэлцэхгүй хойшлуулсаар бараг хоёр жил болов. Хэрвээ энэхүү хөтөлбөрийг баталж, хэрэгжүүлбэл манайх Орос ах нараас нефтийн үнээ буулгах арга байна уу хэмээн гуйж царайчлахгүй, харин ч хоёр хөрш рүү шатахуун экспортолдог болох юм.
Газар дорх хатуу чулууг химийн урвалд оруулаад шингэн түлш болгон хувиргадаг техник технолог гараад ирчихсэн. Гэхдээ энэ ажлыг улс орон бүр ч хийгээд байдаггүй аж. Манай УИХ-ын ажлын хэсгийнхэн өнгөрсөн есдүгээр сард АНУ-д зочилж, уул уурхайн салбартай нь танилцахын зэрэгцээ нүүрс хийжүүлж, шингэрүүлэх туршилт хийж буй компанийн ажлыг сонирхсон.
Нүүрснээс гаргаж авсан шатахууныг энэ хүчирхэг орон байлдааны онгоцууд дээрээ туршиж үзэхэд амжилттай болсон учраас бүх төрлийн онгоцоо ийм түлшээр хангахаар Засгийн газраас нь төлөвлөж байгааг ярьж байсан юм.
Түлш, эрчим хүчний яам нүүрсийг шууд шингэрүүлэх чиглэлээр дэлхийд тэргүүлэх үйл ажиллагаа явуулдаг АНУ-ын “Headwaters” компанитай хамтран “Нүүрс шингэрүүлэх технологийн тухай” уулзалт хэлэлцүүлгийг өчигдөр “Хаан Палас” зочид буудалд зохион байгуулсан. Дотоодын 30-аад компани болон холбогдох яам, агентлагийн мэргэжилтнүүдийн оролцсон уг уулзалтад “Headwaters” компанийн гүйцэтгэх захирал шууд болон шууд бус аргаар нүүрс шингэрүүлэх технолог, нүүрсийг гүн боловсруулахын ач холбогдлын талаар илтгэл тавьсан юм. Мөн шууд аргаар нүүрс боловсруулах үйлдвэрийн төслийг ч санал болгов.
Дэлхийн улс орнууд манай зэс, алт, уранаас гадна нүүрсийг ихээхэн сонирхох болсныг бид мэднэ. Ер нь статистик мэдээгээр нүүрсний нөөцөөр Монгол дэлхийд эхний 15-д багтдаг. 152 тэрбум тонн нүүрсний нөөцийг цаашид ч өсгөх боломжтой хэмээн мэргэжилтнүүд үздэг. Харин дэлхийн зах зээл дээр хүрэн нүүрснээс илүү чанартай коксжсон нүүрс үнэд хүрдэг учраас Тавантолгойн ордод хөрөнгө оруулах хүсэлтээ үндэстэн дамнасан томчууд манай Засгийн газарт илэрхийлээд буй. Тавантолгойн орд нь коксжсон нүүрсний арвин нөөцтэй нь судалгаагаар тогтоогдсон билээ. Тэгвэл хүрэн нүүрсийг гүн боловсруулснаар шатахуунаас хараат бус орон болох боломжтойг Түлш, эрчим хүчний яамныхан мэдрээд, “Нүүрс” хөтөлбөр боловсруулжээ.
Харин тус яам дээрх хөтөлбөрийг батлахыг хүлээж цөхрөөд техник, технологийн талаар холбогдох байгууллагынхантай хамтран семинар явуулж буй нь энэ аж. Уг хөтөлбөрийг хэрэгжүүлснээр 2015 он гэхэд манайх дотоодын нефтийн хэрэгцээгээ бүрэн хангаад зогсохгүй экспортлохоор төлөвлөжээ. “Headwaters” компанийн удирдлагууд нүүрсний бодлогоо тодорхой болгоод ажилдаа яаравчлан орохыг зөвлөж байна лээ. Эднийх ирэх наймдугаар сард Өвөр Монголд нүүрсийг шууд аргаар шингэрүүлдэг томоохон үйлдвэрийг ашиглалтад оруулах гэж байна.
Олон улсын шинжээчдийн хийсэн судалгаагаар газрын тосны бүтээгдэхүүний нэг тоннын үнэ 45 ам.доллараас дээш давсан тохиолдолд нүүрс шингэрүүлэх нь ашигтай гардаг аж. Харин өнөөдөр дэлхийн зах зээлд баррель нефтийн үнэ 100 ам.доллар байгаа шүү дээ. Мөн эрдэмтэд 40 жилийн дараа газрын тос, 60 жилийн дараа байгалийн хий, 80-100 жилийн дараа нүүрсний нөөц дуусах тооцоо хийснийг анхаарах хэрэгтэй. Нүүрснээс гадна газрын тосыг олборлох үйлдвэр барьж, нефть гаргах тухай Үйлдвэр худалдааны яам ярьж байгаа. Гэхдээ нэг сая тонноос дээш бүтээгдэхүүн үйлдвэрлэж байж, нефтийн үйлдвэр ашигтай ажилладаг гэсэн тооцоо байдаг аж.
Юутай ч яамд ажлын уялдаа холбоогоо сайжруулж, хамтран ажиллавал ойрын ирээдүйд монголчууд нефтиэр баян орон болж магадгүй дүр зураг харагдаж байна. Харин газрын баялгаа ашигласнаар улс орон болоод иргэдийн баяжих эсэх нь УИХ-ын гишүүдийн Ашигт малтмалын тухай хуулийн төсөл, “Нүүрс” хөтөлбөрийг хэрхэн батлахаас нэлээд зүйл шалтгаалах нь ойлгомжтой.
|