| Ониука охиноо олимпод бэлдэцгээе! |
|
|
| Бичсэн: Administrator | ||||
| 2008-03-23, Ням | ||||
|
“…Би анх 2002 оноос эхлэн гулгаж эхэлсэн. Түүнээс хойш уран гулгалт миний сонирхдог зүйл болсон билээ. Азийн “Шинэ аваргуудын” тэмцээн, Хонконг, Тайваньд болсон “Сайн санааны тоглолтод” Монгол эх орноо төлөөлөн оролцсондоо би баяртай байдаг.
Энэ бол Монголын тамирчин олон улсын уран гулгалтын тэмцээнд анх удаа оролцсон үйл явдал болсон юм. Би ур чадвараа дээшлүүлж, дэлхийн төвшинд хүрч, тамирчин хүний мөрөөдлийн оргил болсон Олимпийн наадамд Монгол Улсаа төлөөлөн оролцохыг туйлаас их хүсэж байна. Та бүхнийг миний вэб сайтад (www.skatemongolia.com) зочилж, намайг уралдаан тэмцээнд оролцох, бэлтгэл хийхэд маань ивээн тэтгэгч болно гэдэгт гүнээ итгэж байна. Мөрөөдлөө биелүүлэхэд минь тус дэм болох Таны чин сэтгэлийн дэмжлэгт тань маш их баярлалаа!” Ониука Чинбат Энэ бол ганцхан Ониука охины, түүний аав, ээжийнх нь хүсэл мөрөөдөл биш ээ. Спортод хорхойтой хүн болгон л Монголынхоо уран гулгагчийг Олимпийн мөсөн дээр харахыг хүсэж байгаа.Тиймээс ч Ониука бэлтгэл сургуулилтаа улам эрчтэй хийж байна. Уран гулгалтын спорт бол тун өндөр өртөгтэй спорт. Өндөр зэрэглэлийн, дэлхийн хэмжээний багш хөлслөх, хувцас, хэрэгсэл, тэшүүр, бэлтгэл хийх заалны төлбөр гээд л асар их мөнгө шаардагддаг нь ойлгомжтой. Энэ бүхнийг зохицуулж, охиныхоо хүсэл, мөрөөдөлдөө хүрэх нөхцөл бүрдүүлэхэд аав Чинбат, ээж Ариунболор нар нь ихээхэн анхаардаг ч тэдэнд “олны оломгүй тус дэм” үнэхээр хэрэгтэй байгаа нь мэдээж. Ониука багштайгаа ярьж зөвлөөд дасгалаа Монгол ардын дуу “Судгын ногоо” –ны аянд хийх болсон нь эх орныхоо нэрийг гаргаж буй бас нэг алхам юм. Сүүлийн жилүүдэд уран гулгалтад, ялангуяа эмэгтэй ганцаарчилсан төрөлд олимп, дэлхийн аваргын медалийг Ази охид, бүсгүйчүүд хамах болсон. Магадгүй монгол охин олимп, дэлхийн медалийн тавцанд зогсож байхыг хэн байг гэх вэ. “Мөсөн дээрх монгол гүнж” –ээ, Ониука охиноо Олимпод оролцоход бэлтгэхэд нь хүн бүхэн сэтгэл гарган туслацгаая! “Таван цагариг” сонин, “Таванцагариг-Америкт” сэтгүүл “Ониука охиноо олимпод бэлдэцгээе!” уриалгыг Монголын спортод элэгтэй, спорт сонирхогч бүх хүмүүст хандан гаргаж, хөдөлгөөн өрнүүлэхээр шийдвэрлэсэн юм. Зөвхөн Монголд байгаа төдийгүй гадаадад ажиллаж, амьдарч, сурч буй бүх монголчууддаа уриалж байна. Ялангуяа Америкт буй монголчууд бидний дундаас анх олимпод оролцох тамирчнаа хамтдаа бэлдэцгээе! “Ониука охиноо олимпод бэлдэцгээе!” уриалга, хөдөлгөөнийг дэмжих, хамтран ажиллахаа зарим хувь, хүмүүс, “Замдаан” сэтгүүл, “Даяар Монгол” сонин, www.medeelel.com хэдийнэ мэдэгдээд байна. Бүгдээрээ хамтдаа Ониукагаа дэмжицгээе! Эсвэл 406 599 5172, 415 596 2240 утсаар холбогдох мэдээллийг авна уу! Ониукагийн гэр бүлийнхэн Америкийн Монтана мужийн Бүзмэн хотноо амьдардаг аж. Аав, ээж хоёрыгоо ажилдаа явсан хойгуур гэрийнхээ цонхоор өдөржин л мөсөн гулгуурын талбай дээр тоглож буй хүүхдүүдийг харж зогсдог байж. Тэгээд л урангулгалтаар хичээллэхээр шиидсэн бөгөөд энэ үед тэрбээр найман настай байсан гэнэ. Бүзмэний уран гулгалтын клубт , Б.дэвис багшийн удирдлага доор хичээллэж байгаад анхны тэмцээндээ оржээ. Big sky classic нэртэй мужийн тэмцээнээс Ониука хос алтоан медаль хүртэж, багшийнхаа магнайг тэнийлгэж, аав,ээжийгээ зүйрлэшгүй ихээр баярлуулжээ. Гараа сайн бол бариа сайн гэгчээр анхны тэр хос алтан медалиас хойш “Гүнж” маань бараг оролцсон тэмцээн болгоноосоо медаль, шагнал хамах болов. Ониука 2005 онд Хонконгт болсон Asian novice skating championship тэмцээнээс тусгай шагнал хүртэж, Тайванийн Тэйбэй хотноо болсон Азийн “Сайн санааны тоглолт”-д амжилттай оролцож, олон улсыэ тэмцээний гараагаа эхлэн Монголын уран гулгагч хэмээн дуудуулах болов. Мөн ондоо Колорадод Спрингс хотноо болсон АНУ-ын мужуудын хооронд болдог National State game-ээс мөнгөн медаль зүүжээ. 2006 он “Гүнж”-ийн хувьд тун сайхан дурсамжаар дүүрэн өнгөрсөн. Ониука Америкт Big Sky Classic болон “Ирээдүйн аваргууд” цуврал тэмцээнд амжилттай оролцсоноос гадна Монгол Улсаа төлөөлөн Азийн аварга шалгаруулах тэмцээнд авьяасаа сорьсон билээ. Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон Монголын анхны уран гулгагч нь Ч.Наранчагаа охин болон түүхэнд үлдсэн нь тэр. Бяцхан Ониукагийн амьдралд тодоор дурсагдах бас нэг сайхан үйл явдал нь алдарт Опра Уайнфригийн шоунд гэр бүлийнхнийхээ хамт оролцсон нь. Ер нь Ониука уран гулгалтаас гадна юм бүжиглэх, шүлэг, нийтлэл бичих хоббитой, яггүй нийтлэгч ажээ. Түүний бичсэн хэд хэдэн нийтлэл сонин хэвлэлд нийтлэгдсэн байна. Мөсөн дээрх монгол гүнж маань, алдарт уран гулгагч, дэлхийн олон удаагийн аварга Мишель Кванд хүртэл захидал бичиж байсан гэнэ. Ониука “Мөсөн дээрх одод” шоуг үзэн М.Кван, С.Коэн, И.Слуцкая нарыг бишрэн харж байсан төдийгүй олимп, дэлхийн аварга, Канадын нэрт уран гулгагч Элвис Стойкотой “Christmas show”-д хамт оролцох аз тохиож байжээ. “Монгол гүнжийн” тэшүүр дээр Э.Стойко гарын үсгээ зурж өгсөн нь Ониукад хадгалаастай байгаа. Ониука Миннесота мужийн “Shattuck St Mary’s” урлаг спортын дунд сургуульд хоёр дахь жилээ суралцаж байна. Одоо наймдугаар анги. Энэ сургуульд Америкийн 50 мужаас гадна, дэлхийн 22 орны авьяаслаг хүүхдүүд суралцдаг ажээ. Уран гулгалтын төрлөөр АНУ, Япон, Канад, Мексик, Монголын хүүхдүүд суралцдаг гэнэ. Ониукаа ойрдоо тун завгүй байгаа. Саяхан Нью Йорк мужийн Лэйк Плэсид хотноо “Олимпийн бэлтгэлийн төв”-д багийнхантайгаа долоо хоногийн хамтарсан бэлтгэл хийсэн. 1980 оны Өвлийн олимп болсон “Ice Arena”-ийн гадна Монголын алтан соёмбот далбаа намирч буйг хараад сэтгэл нь ихэд хөдөлсөн гэнэлээ. Энэ өдрүүдэд Ониука маань Вермонт мужийн Бурлингтон хотноо “Green Mountain open” тэмцээнд оролцож байгаа. ЧИНБАТЫН НАРАНЧАГАА
Төрсөн газар: Улаанбаатар Сургууль: Shattuck St Mary’s School, Faribault, MN, USA 8-р анги И-мэйл: \n Энэ имэйл хаяг нь spam bot-оос хамгаалагдсан бөгөөд үзэхийн тулд Javascript-ийг зөвшөөрөх хэрэгтэй Вэб хаяг: www.skatemongolia.com Хичээллэдэг клуб: АНУ-ын Монтана мужийн Бозман хотын уран гулгалтын клуб Хичээллэж буй хугацаа: 2002 оны хоёрдугаар сараас өнөөг хүртэл Дасгалжуулагчид: Даиана Ронайн , Линда Кроли, Боб Кроли -2005 оны гуравдугаар сарын 29-30-нд Хонгконгд болсон уран гулгалтын Азийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнийн тусгай шагнал -2006 оны гуравдугаар сарын 10-13-нд Воёминг мужид болсон “Ирээдүйн аваргууд” цуврал тэмцээний алт, мөнгөн медаль -2007 оны аравдугаар сард Миннесота мужид болсон Их нууруудын бүсийн тэмцээнд 9 дүгээр байр -2008 оны хоёрдугаар сард Миннесота мужийн Рочестер хотноо болсон “Hiawathaland”- ийн нээлттэй тэмцээнд 1, 3, 4 дүгээр байр -2004 оны аравдугаар сард Монголын тэшүүрийн холбооны хүндэт өргөмжлөл -2003 оны наймдугаар сард АНУ-ын Үндэсний газарзүйн нийгэмлэгээс зохион байгуулсан “Дэлхийн өнцөг буланд” гэдэг телевизийн цувралт нэвтрүүлэгт гэр бүлээрээ оролцож, Монгол орон, хөдөөгийн амьдрал ахуйгаа Америкийн “Үндэсний газарзүй” сувгаар сурталчилсан. -2001 оны тавдугаар сард “Эрудит” цогцолборын зохион байгуулсан “Уран жиргээ” шүлгийн уралдаанд ээжийн тухай шүлгээрээ тэргүүн байрын шагнал хүртсэн.
“Даяар Монгол” сонин
Сэтгэгдэл Бичих |
||||
| Шинэчлэгдсэн огноо ( 2008-03-26, Лхагва ) | ||||
| < өмнөх | дараах > |
|---|






Төрсөн он сар өдөр: 1994 оны хоёрдугаар сарын 22