Авторын үг
Хэл шинжлэлд “авторын үг” гэж нэг ойлголт байдаг. Шинэ үг хэллэгийг ямар нэг нэр томьёоны комисс бус ганцхан хүн л зохиочихыг хэл байгаа хэрэг л дээ. Өөрөөр хэлбэл өмнө нь огт хэрэглэж байгаагүй содон үгийг нэг зохиолч зохиолдоо хэрэглэчихийг бусад нь дэмжин хэрэглэсээр байж үгийн сан баяжиж байгаа явц юм. Жишээ татвал, Чехийн зохиолч Карел Чапек анх РОБОТ хэмээх үгийг зохиосон гэдэг.
Манай зохиолч Л. Дашням гуай бас сонин сонин үг хэрэглэдэг. Их сургуулийн Ректор гэхийн оронд Согитэр гэх нь Соён Гийгүүлэгч Тэргүүн гэхийн товчлол гэх. Үнэмлэх гэхийн оронд Үнэмшүүлэх, Оюутан-аа харин Оюунтан гэнэ. Энэ удаад би харин өөр нэг “авторын үг” сонссоноо ярих гэж байна. Чингис хаан хамтлагийн ахлагч Жаргалсайхан ахтай тээр жил Индианад нэг буу халж суутал эрчүүл л хойно ярианы сэдэв хальж Холливүүдийн сайхан бүсгүйчүүдийн тухай болон өргөжсөн юм. Никол Кидман, Гилленхаал, хэн хэний ч тухай ярьцгаалаа даа, мартаж. Гэтэл Жагаа ах “За тэгээд явж явж Шэрон Стоун л гоё доо. Нэг тийм эмэгтэйлэг, бас тийм НОЙТОНЛОГ” хэмээн ярьдаг юм байна. Тэмдэг нэр бүтээх –лаг (монгол бичгийн хэлээр бол –лиг) хэмээх тэр дагавар Баялаг, Борлог гэх мэт олон үгэнд орсон байдаг ч Нойтон гэх үндсийн араас орж байсныг сонсож байсангүй. Юу хэлчих вэ хэмээн дахин лавлаваас “Basic Instinct” киног үзээрэй гэж байна. Харин тэр киног нь үзэхүй өнөөх “нойтонлог” гэдэг үгийн учир тодорхой болж билээ. Эрхэм уншигч танд энэ үг бас этгээд санагдвал дурдсан киног, тэр үед гараагүй байсан 2-р ангитай нь цуг үзээрэй. Тэгээд үгийн сандаа бас нэгэн шинэ үгтэй болно биз ээ. Time зарцуулсны учир Watch бэлэглэж болох уу? Эхнэрээр маань Монгол хэл заалгасан оюутнууд Монгол явахаасаа өмнө багшдаа баярлалаа хэмээн бэлэг өглөө. Бэлэг нь хөөрхөн бугуйн цаг аж. Ингэхдээ сурсан Монгол хэлээ эвлүүлэн ийн өгүүлэв: “Багш та бидэнд ЦАГ их зарсан тул бид танд ЦАГ бэлэглэж байна. Бид Монгол хэлэнд дуртай болсон, Монгол хэлээр бидний бэлэг яг сайхан таарч байна” Нээрээ л сайхан таарч байна даа. Монгол хэлэнд утга салаалан ижил нэр буюу омоним болсныг ийн эвтэйхэн сэтгэн ашиглаж. Англиараа бол арай л өөр. Нэрний тухайд ахиад хоёр үг Чөлөөтийн ОУХМ Сэргэлэнбаатартай хөлбөмбөгийн тэмцээний үеэр буу халж суув. Сээгий ярьж байна: Би чиний хүний нэрний тухай бичсэн юмыг уншлаа. Майкл, Мигел, Мишел, Михайл эд нар чинь бүгд нэг нэр юм байна ш тээ, тээ? Тийм, тийм Жон, Хуан, Иван гэдэг чинь бас адил нэрс юм гэх шив дээ? Овоо сонин яриа өрнөх нь хэмээн олзуурхаад, “Тэгэлгүй яахав” гэж урамштал “Тэгээд би харин бодоод байсан чинь Зинедин Зидан чинь Цэндийн Цэдэн юм байна шүү дээ” хэмээн нохойтдог юм даа. Нэр гэснээс намайг УБИС-ийн Монгол хэлний тэнхимд багшилж байхад манай факультетэд Борхүүхэн нэртэй бов бор охин, бас Шархүүхэн нэртэй шав шар охин сурдаг байж билээ. Хоёулаа зүүн аймгийнх. Хүүхэд төрөхдөө бор, шар болох нь мэдэгдэхгүй нэг улаан л амьтан байдаг биз дээ. Охидынхоо ирээдүйг айхтар харж чадсан эцэг эхийн зөн билгийг магтсу. Харласан хүн гэж хэн бэ? Хараар байгаа юм уу? гээд л Монголчуудаа сүрхий асуудаг хүн байх. Харласан хүнтэй бүр уулздаг ч үгүй мундаг хүн байх. Харин би бол визний хугацаа хэтрэх гэдэг хүний харлах цайрахын шалгуур биш гэж би боддог. Америкт “харлах” гэдгийн эсрэг үг “мэргэжлийн ажлаа хийх”. Хөлбөмбөгчид чөлөөт цагаараа хөлбөмбөгийнхөө тэмцээнийг зохиогоод, өөрсдөө тоглоод, дээр нь хүүхэд залуусыг спортод дуртай болгоод яваа нь мэргэжлийнхээ ажлыг хийж байгаа хэрэг бус уу? Харласан хүн гэж тэгвэл хүнтэй уулзаад зөрөх болгондоо хар мэдээ дуулгаж байдаг, сонины мэдээ бүрээс харыг нь түрүүлж хардаг, ямар ч гэгээтэй юмнаас яаж ийгээд мууг нь олж чаддаг тэр хүн л “харласан хүн” мөн. Түүнээс биш визны хугацаа, нэг муу тамга бол хүний мөн чанарыг хэзээ ч тодорхойлж чадахгүй. “Харлачихсан уу, чи?” андаасаа өндөр дуугаар асууж байгаа хүн та өөрөө харин хүчин төгөлдөр визээ тэвэрсэн чигээрээ “харлачихсан толгой” биш биз? Эхнэр эм хулганатай барьцав Хулгана жил гартал хулгана жилтэй бага хүү маань хулгана заавал тэжээнэ гэсээр байж эр эм хоёрыг авхуулав. Тэгж байтал нэг өдөр эм нь арьс үсгүй, дөрвөн улаан гөлчгий гаргачихдаг юм байна. Хир баргийн юмыг тоодоггүй хүү маань энэ удаа харин сандарч байна гэж жигтэйхэн. Интэрнэтээр, Яахуу-гийн асуулт хариултаар баахан туслаач гэсэн зурвас үлдээж, ийш тийш утасдана. Харин тэр Яахуу-гаар нь тэр дороо л зөндөө олон зөвлөгөө ирчихдэг юм билээ. Эхнэр маань хүүгээ амьтанд санаа тавьж байгаад баярлан “Овоо ш тээ” гэж сууснаа гэнэт нэг юм бодов бололтой царай нь сонин болж ирээд: “Ингэхэд та нар намайг төрж байхад ингэж сандарсан бил үү?” хэмээн нухацтай асууж байна шүү. Бид нээрээ юу билээ гэсэн шиг дуугүй болцгоов. Гэнэт ашгүй том хүү маань нам гүмийг эвдэн “Ээж одоо хулганатай барьцах нь уу даа?” гэтэл бид бүгд зэрэг инээд алдаж, эхнэр ч юу хэлснээ ойлгон баахан инээж билээ. Эмэгтэй хүн ээ гэж, эмзэг улс даг шүү. Соёл гэж юу вэ? Хятад, Төвдийн асуудлаас болж би түрүүхэн нэг найзтайгаа маргасан юм. Найз маань Төвд Хятадыг дагаж, дотор нь байсан нь дээр хэмээн үзэж, лам нарын тэмцлийг буруутгаж байв. Үүнийгээ тайлбарлахдаа Хятад улс зам тээвэр, орчин цагийн технологи, бусадолон зүйлээр Төвдөд тусалж, нэг үгээр хэлбэл СОЁЛжуулж байгаа гэв. Харин миний хувьд хэл, шашин зэргийг нь шахаж, ардын утга зохиолыг мартагдуулж, бэлчээрийг нь булаан, хөдөөний амьдрал ахуйг нь хотжуулж байгаа нь харин ч СОЁЛ түгээх биш соёлыг нь устгаж байгаа хэрэг гэсэн бодолтой байв. Ингэхэд ер нь компьютер, халуун ус, кабелийн телевиз гэдэг соёл юм уу, эсвэл аман зохиол, ардын дуу бүжиг, зан заншил гэдэг соёл юм уу? Соёл гэдэг юу болох нь маргаантай юм бол Соёлтой хүн гэж хэнийг хэлэх нь бас л тодорхойгүй. Би бол долоо хоногтоо ганцхан удаа усанд ордог ч Монгол ардын туулийг гурав хоног дараалан хайлах хөдөөний тэр хар өвөөг л “соёлтой хүн” гэж хэлнэ. Монгол хэл юугаараа муу вэ? Туркт байхад Монгол хэлний тухай нэг бяцхан маргаан болсныг санаж байна. Нэг Монгол оюутан залуу, бас нэг мэргэжил дээшлүүлэгч бүсгүй хоёр Монгол хэлийг өөрсдийн сурсан хэлтэйгээ харьцуулахад муу болохыг надад батлан өгүүлэхээр болсон юм. Залуу нь түрэг хэлэндээ гарамгай, хүүхэн нь хятад хэл үзсэн нэгэн байв. Золбоо ингэж ярив: Монгол хэл их ядаргаатай, жишээ нь туркээр ганцхан ийм үг байхад монгол хэлэнд ийм ийм олон үг болно... гэж байтал Ариунаа орж ирээд, эхний яриаг сонсоогүйгээр үргэлжлүүлэв: Хzтад хэлэнд ийм ийм арай өөр утгатай олон үг монгол хэлэнд орчуулахарр энэнээс өөр үг байхгүй... Би яриаг нь таслан: “За эхлээд та хоёр хоорондоо яриад гадаадын олон үг монгол хэлэнд ганцхан байгаад байна уу, эсвэл гадаад хэлний ганц үг монгол хэлэнд олон болоод толгой эргүүлээд байна уу гэдгээ шийдчих. Тэгээд дараа нь ярья” гэж билээ. М. Саруул-Эрдэнэ
Энэ имэйл хаяг нь spam bot-оос хамгаалагдсан бөгөөд үзэхийн тулд Javascript-ийг зөвшөөрөх хэрэгтэй
\n This email address is being protected from spam bots, you need Javascript enabled to view it
|