Хэзээ, Хаана, Юу?
- Оросын алдартай жүжигчин Елена Воробей Лос Анжелест 2010-10-30 (19:00 - 23:59)
Инээхүү Дээр Шинээр
| Тэргүүн хатагтай Хажидсүрэнгийн Болормаа гэж хэн бэ? |
|
|
| Бичсэн: Administrator | ||||
| 2009-06-19, Баасан | ||||
Монгол Улсын шинэ Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 6/18-нд тангаргаа өргөж Төрийн ардчилсан шинэ тэргүүний хувьд анхны алхмаа хийлээ. Түүнийг дагаад шинэ тэргүүн хатагтай Х.Болормаа олны анхаарлын төвд орж ирж байна. Өмнө нь Ш.Цэвэлмаа, А.Оюунбилэг, О.Цолмон гэсэн гурван тэргүүн хатагтайтай байлаа. Тэд өөр өөрийн донж маяг, янз байдлаараа хүмүүсийн сэтгэлд үлдсэн. Харин шинэхэн тэргүүн хатагтай Х.Болормаа гэж хэн бэ? Элбэг овогтын Хажидсүрэнгийн Болормаа гэх энэ бүсгүй Улаанбаатар хотноо зургаан дүүгийн ууган эгч болон мэндэлжээ. Балчир ахуйд аав нь өөд болж эмээтэйгээ, ээжтэйгээ дүү нараа хүн болгох гэж зүтгэсэн ачтай эгч. Нийслэлийн 10 жилийн 47 дугаар дунд сургуулийг 1982 онд дүүргэж Украины Львов хотын Улсын их сургуулийн Геологийн факультетийн Геохимийн ангийн хуваарь авч, хээрийн галуу нисэн үл хүрэх газраас Хүний хүү эрдэм өвөрлөхөөр оджээ. Хатагтай Х.Болормаа Львовт хань Ц.Элбэгдоржтойгоо учирч, анхны хүүгээ өлгийдөж, бас инженер геохимич мэргэжил эзэмшсэн байна. Түүнийг Львовт суралцахаар очсон жил мөн хотын Цэрэг, улс төрийн дээд сургуульд ирээдүйн хань Ц.Элбэгдорж нь ч суралцахаар очиж таарсан аж. Заяаны хань зам дээр гэгчээр тэр хоёр ерөөл тавилангаар учирсан гэж оюутан ахуйн найз нар нь дурсдаг. Львов хотноо суралцахаар очсон шинэхэн оюутнууд танилцах үдэшлэг зохион байгуулжээ. Элбэгээ, Болороо хоёр тэнд бие биеэ анх олж, тэр цагаас үерхсэн гэдэг. Мань Элбэгээ танилцах үдэшлэг дээр “Би” гэдэг шүлэг уншиж охидын нүдэнд өртөж байжээ. “Эрэгтэй хүүхэд төрлөө гэж баярлаад Элбэгдорж гэдэг нэр өгсөн юм гэнэ лээ” хэмээн шүлэглэж танилцах үдэшлэгийн салхийг хагалсан цэргийн дүрэмт хувцастай хөвгүүнд олон охин нүд унагасан ч мөнөөх аманцар Элбэгээгийн цорын ганц сонголт Х.Болормаа болж, төгсөн төгстлөө оюутан найз нартаа үлгэр жишээч эв найртай хосууд явжээ. Болороодоо олон ч шүлэг зориулсныг нь андууд нь одоо ч дурсан ярьдаг юм билээ. Ууган хүү нь 1986 онд Львовт мэндлэхэд Ц.Элбэгдорж “Хүүхэд хүлээхийн жаргал” гэдэг шүлэг бичиж, хүүдээ Оргил гэдэг нэр хайрлаж, оюутнууд л болсон хойно дотуур байрандаа багахан найр хийн тэмдэглэж дуу хуур болцгоож байжээ. “Болороо тун энгийн дөлгөөн, тогтвортой, юм болгонд хошуу дүрдэггүй, харин хамгийн эцсийн шийдвэрлэх мөчид жинтэй дуугарч асуудлыг шийддэг, сурлага сайтай, цэгцтэй цэвэрхэн охин байсан. Эргээд санахад өөтэй тал байдаггүй. Болороо энгийн ч байж чаддаг, эрхэмсэг ч байж чаддаг” гэж найзууд нь дурсч байна. Х.Болормаа 1988 онд сургуулиа төгсгөн Монголдоо ирж Геологийн төв лабораторийн Эрдэс судлалын тасагт минералогич инженер, тасгийн даргаар 1994 он хүртэл ажиллажээ. УИХ-ын гишүүн байсан Ц.Элбэгдорж 1994 онд парламентыг орхин “Олуулаа болоод эргээд ирнэ ээ” хэмээн гарсныг хүмүүс сайн мэднэ. Яг энэ үеэр Х.Болормааг Геологийн төв лабораториос халжээ. УИХ-ыг орхисон тогтворгүй этгээдийн эхнэр ч гэсэн юм уу. Харин Х.Болормаа “Манай хүн зүгээр нэг ажил хийхгүй, том л ажил хийнэ” гэж итгэлтэй дуугарч байсан гэдэг. Мэргэжлийн ажлаасаа гарсан ч тэр дороо ээжтэйгээ хамтран эмийн сан ажиллуулж “Анх-Эрдэнэ” ХХК-д менежер хийх болжээ. Х.Болормаа нөхрийнхөө хийсэн ажил бүрт итгэж байнга урамшуулж ирсэн. Тэгснээрээ ч Ц.Элбэгдоржийг ийм өндөрт гарахад түшиг тулгуур, найдвартай ар тал нь болж явжээ. Ер нь амжилтад хүрсэн эрчүүдийн ар талыг хэн дааж байна гэдгээс 90 хувь нь хамаардаг гэсэн үг ч байдаг. Х.Болормаа тийм л өмөг түшигтэй сайн гэргий, сайн ээж аж. Тэрбээр дөрвөн хүү төрүүлж өсгөсөн дархан бэр. Бас охин үр өргөж аваад удаагүй байгаа. Таван хүүхэд өсгөж, хичээл номыг нь давтуулахын зэрэгцээ 2007 оноос мэргэжлээрээ Эрдэс судлалын лабораторийн эрхлэгчээр ажиллах болсон. АНУ-д нөхрөө суралцаж байхад Х.Болормаа зүгээр суусангүй, Сувилахуйн сургуульд суралцан онц дүнтэй дүүргэжээ. Тэр сургуулийг зүгээр ч нэг сонгож суралцсангүй. Ц.Элбэгдорж, Х.Болормаа хоёр Өнчин хүүхдийг асран хүмүүжүүлэх төвийн Бамбарууш бүлгийг даан авч өнчин ядуу олон хүүхдийг асран халамжилсаар хэдэн жилийн нүүр үзэж байна. Одоо Х.Болормаа хүүхэд асран хүмүүжүүлэх “Болор” сангийн ажлыг давхар эрхлэн явуулдаг. Аргагүй л тэргүүн хатагтайн хийх ажил энэ мөн. Гадаад орны тэргүүн хатагтай нар ихэвчлэн буяны ийм ажилд гар сунгадаг уламжлалтай. Бамбарууш бүлгийнхэн Элбэгээ Ерөнхийлөгчийг Амбаа, гэргийг нь Болороо эгч гэж дуудна. Тэр хүүхдүүд сургууль руугаа зөөлгөдөг тусгай машин, тусгай жолоочтой. Хувцас, хоолоор хангуулна. Гал тогоондоо их засвар хийлгэчихсэн. Амбааг бол босго давмагц морь болгон унаж нялх балчиртаа эмтэрсэн элгээ дэвтээдэг. Х.Болормаа бас гайгүй нийтлэлч гэдгийг бичсэн эссэ сэлтээс нь харж болно. Бурхны оронд морилсон хайртай эмээдээ зориулж Х.Болормаа ингэж бичжээ. “Анх ханьтайгаа танилцаад эмээдээ очиж зуныг хамт өнгөрөөхдөө миний сонголт зөв гэдгийг баярласан сэтгэлээс нь мэдэрч байв. Тэр цагаас хойш бие биеэ огт танихгүй хоёр хүн хэчнээн дотно нэг амьтай болж, нэгэндээ анхаарал халамж тавьж эх, хүү хоёр шиг ээнэгшин дасч болдгийг эмээ, нөхөр хоёр маань харуулсан. Хүргэнээ төрийн хүндтэй алба хашихад миний буурал эмээ ихэд баярлаж, бахархаж суусан даа” гэжээ. Х.Болормаа гэж ийм энгийндээ ч энгийн, эрхэмсэгтээ ч эрхэмсэг, эрдэм боловсрол тэгш тэргүүн хатагтайтай болж байна, бид.
Д.ОЮУНЦЭЦЭГ news.mn
Сэтгэгдэл Бичих |
||||
| Шинэчлэгдсэн огноо ( 2009-06-26, Баасан ) | ||||
| < өмнөх | дараах > |
|---|







