|
-Яагаад Дэлгэрцэцэг гэж нэр өгсөн юм бол? -Намайг төрөх үед “Дэлгэр цэцэг минь Дэлхий дүүрэн ургаарай...“ гэсэн үгтэй дуу хит болж байснаас үүдэн ийм нэр өгсөн гэж аав, ээж ярьдаг. -Дуртай өнгө? -Цэнхэр.
-Чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ? -Нууцгүй хэлэхэд унтах. -Гэртээ...? -Торгон халаад өмсч дэгжин байхыг хүсдэггүй. -Өөрийг тань хийлгүйгээр төсөөлвөл? -Хувь хүн. -Хамгийн их бухимдуулдаг зүйл тань юу вэ? -Ажил ихтэй явахад зам бөглөрөх. -Өөрийгөө гоёх дуртай зүйл? -Залуу насаараа л гоёх дуртай. -Амьдралдаа баримталдаг гол зарчим? -Өөрөө өөртөө үнэнч байх. Гаднаас ирж байгаа хандлагуудыг ялгаж салгах том талбайтай байх. -Монгол хүн болсны бахархал тань? -Монголоороо л бахархдаг. Гаднынханд эх орныхоо хамаг сайн сайхныг таниулахыг хичээдэг. -Улс төр сонирхдог уу? -Сонирхох зав алга даа. Харин залуучуудын төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааг дэмждэг. -Тоглох зохиолоо хүмүүсийн сонирхолд тааруулж сонгодог уу, эсвэл хөгжимчний ур чадварыг шаардсан гэдэг утгаар нь сонгодог уу? -Ямар нэгэн зүйлийн баланс алдагдвал утгагүй болдог. Би олон нийтийн сонгодог хөгжмөөр дарамтлахыг хүсдэггүй. Зөвхөн сайхныг мэдрүүлэх нь л хамгийн чухал. -Хийлч гэж ямар хүнийг хэлэх вэ, таныхаар? -Багадаа хийлч хүн хутга барьж чаддаггүй гэж сонсч байсан. Тэгэхээр их л зөөлөн хүн байж таарна аа даа. -Багадаа гэснээс багын тань хоч? -Өндгөн толгойт. -Ширээний тань ном? -Сэтгэлгээний талын номуудыг унших дуртай. Монголын хийлч Дээгийг Монголын хэнтэй харьцуулах вэ. Хэнтэй жиших вэ. Хариуг нь хэн хэлэх вэ. Тэр үнэхээр авьяастай хүн үү, эсвэл зүгээр л туйлын хөдөлмөрч нэгэн юм болов уу. Түүнд Vanessa Mae-гийн цовхочсон эмнэг хэмнэл, Sarah Chang-ийн гэгээн санаашрал бий юү. Тэднээс юугаараа ондоо, юугаараа давуу вэ. Түүний авьяасын охь ундарга хаанаас эхтэй юм бол. Удмаасаа юу, эсвэл орчин, олж авсан мэдлэг боловсролоосоо юу. Эрхэмсэг, гүн уянгат Давид Ойстрахыг илүүтэй сонсох дуртай энэ монгол бүсгүй хотод төрж, хотод өссөн “суурин иргэншлийн бүтээгдэхүүн“. Хөгжим бүжигт эрт элсч, хөгжмийн урсгалын чимээг эрт сонсч, зөөлөн уянгын “ачаар“ үеийнхнээсээ эрт хатуужсан нь юухан дээр ч болов гэрэлтэн харагддаг. Тэр жил, шинэ зуун, шинэ мянганы нэгдүгээр онд юм. Хонконгод Америк, Австралийн “Бонд“ нэртэй охидын хамтлагийн тоглолтыг үзэж суухад нь л Дээгийгийн тархинд орчин цагийн стилиэр тоглодог болох сон гэсэн эрдэнийн гэрэлт бодол харван орж ирснээс улбаалан алдарт “Хэнтийн өндөр ууланд“ зохиолыг тоглохоор сэтгэл шулуудсан байдаг. Үнэхээр “Хэнтийн өндөр ууланд“ зохиолоор дамжин Дээгий гэдэг уянгын авьяастан монголчуудтайгаа “нүүр хагарсныг“ дайван хөх тэнгэр тэртэй тэргүй мэдэх хойно. Хагарах хагарахдаа Монголын хөгжмийн ертөнцөд “газар хөдөлгөх“ шинэ үр хөрөнгийг тээж яваа элч болохоо хийл хэмээх эмзэг турьхан хөгжмийн зэмсгийнхээ татаж түлхэлсэн гэгээн хонгор аялгуугаар илэрхийлэн илэрхийлэн тэсэрсэн бөлгөө. “Үлэмжийн чанар“, “Гоолингоо“, “Сэтгэлийн аяз“... гээд тоглосон зохиол бүр нь, “Хэнтийн өндөр уул“-наас эхтэй аялгуун голууд нь олны сэтгэлийн нууранд шинэ хөг, шинэ дусал нэмж, болрын талст адил гэрэлтэн гялалталзах болсон. Авьяасын жигүүр дэлгэсэн тэрбээр өндрөө авч эхлэх үедээ нэг л үүрээр “хээрийн галуу нисэн үл хүрэх газраас“, холын мөрөөдлийн Америкаас “эрдэм өтөртлөн ирэхээр“ нисэн одсон. Түүнийг тэнд номын дуу сонсч байх он жилүүдэд Монголын хөгжмийн ертөнцөд хүлээлтийн он жилүүд үргэлжилж байв. “Орсон бороо арилдгийн“ үлгэрээр тэр ирсээн. “Эрдэм өвөртлөн“ ирсэн. Мэргэжлийнхээ хувьд өсч өндийсөн тухайд юу ярихав. Түүнээс гадна Монголынхоо нэрийг дэлхийд урлагаар, хөгжмөөрөө гаргаж болох юм байна гэсэн элбэг цагаан бодол тээж ирсэн. Гэхдээ ганцаараа, орь ганцаараа хол явахгүй нь гэдгийг анзаарснаа бусдад мэдрүүлэн мэдрүүлэн ирсэн. Ул суурь, углуургатай судалгааны үндсэн дээр хүчирхэг, чадалтай баг бүрдүүлж гэмээнэ дэлхийн урлагийн өргөөний хойморт монголчуудын завилах зай ойрхон байна аа гэж тэр эхэлж дуугарсан. Өдгөө Дээгийгийн сэтгэлийн дуудлагаар, уран бүтээлч хүний зөн билгийн дуудлагаар Америкт олон жил сууж, суралцсан хөгжмийн залуу зохиолч С.Сансаргэрэлтэх, “хойно“ боловсрол эзэмшсэн хөгжмийн найруулагч Н.Баярхүү, бүжиг дэглээч Т.Төгсөө...гээд оргилсон монгол цустай залуус нэгэн цул болж, нэгэн баг болж нэгдээд буй. Хувьсгалын тохироо бүрджээ гэсэн үг. Тэд уран бүтээлдээ ч ханцуй шамлан оржээ. Тулгамдсан асуудал руу олны анхаарлыг хандуулах, шийдвэл зохихыг уриалан дуудах нь урлагийн нэгэн том үүрэг бөлгөө. Нүдэн дээр ширгэж хатаж буй гол ус, нүдэн дээр үйрч, үгүй болж буй мод бут, нүдэн дээр туйлдан сөхөрч эх сайхан байгалиа хайрлан хамгаалахын цэцэгсийг бусдын тархи, сэтгэлд хийлийн зүмбэр эгшгээр дамжуулан тарьж ургуулахыг Дээгий илүүтэйд үзжээ. “Алсын газрын зэрэглээ“, “Дөрвөн цагийн тал“, “Сэтгэлд шингэсэн говь“-оороо өвөг дээдэс болоод хөгжмийн зохиолчид маань бахархан дуулахдаа басхүү хайрлан хамгаалж явахыг чухалчлан захисныг зуны улиралд дуртай энэ гэгээн тэмүүлэлт бүсгүй хийлийнхээ аялгуугаар сануулахыг хичээж буйг бахдалтай. Түүнийг чухамхүү байгаль экологийн элч хөгжимчин гэлтэй санагдана. Дэлхийн хөгжмийн ертөнцөд “газар хөдөлгөх“ Монголын анхны хөгжимчин байна гэдэгт үл эргэлзэнэ. ...Цэнхэр өнгийг эрхэмлэгч Дээгий хийлээ тоглож байна. Цээл, яруу тунгалаг аялгуу нь монгол газар шороогоо аргадан аргадан урсаж байна. Монгол хийлч хөгжимдөж байна. Монголчууд сэрж байна. Ц.ГАЛБАДРАХ Улаанбаатар Сонин
|