|
Вансүм хорвоогийн тоосонцороос хүний төрлийг олж, нарт орчлонд амьд явахын төлөө бяцхан биед баймгүй чадал гарган бүтэн гурван сар үхэлтэй тэмцэж, ялчихаад бусдын илүүчлэх сүү, асрагч сувилагч нарын гэрээсээ зөөх бантанг идчихээд хөлийн чимээ чагнасан шигээ ганцаараа гунганан, эрхий хуруугаа хөхөн хэвтэх энэ нялх амьтныг Баяржаргалын Баяржавхлан /Хүүг ээжээр нь овоглосон байдаг аж/ гэдэг. Ой гурван сартай Б.Баяржавлан хүүд эдүгээ хэд хоног дэргэд нь байж байгаад хэсэг сураггүй алга болоод бараа зүсээ харуулаад одох 60 гарсан хөгшин эмэг эх, Эх нялхсын эрдэм шинжилгээний төвийн эрчимт эмчилгээний тасгийн эмч, сувилагч нараас өөр наашаа гэх хүн алга.
Нэгэн цагт “Би чамдаа хөөрхөн хүү төрүүлж өгнө” хэмээн сайхан загнаж явсан хүүгийн эх, Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны харъяат Сарангийн Баяржаргал гэх эмэгтэй төрүүлсэн хүүхдээ сул дорой биетэй, бүтэлттэй төрснийг мэдээд “Би хүнтэй уулзчихаад ирнэ” гэж хэлэн гэрээсээ гараад хонгор үрдээ иргэж ирээгүй ажээ. Аргаа барсан А.Бадамханд гуай бэрийнхээ араас сураг тавьтал нутагтаа очоод өөр хүнтэй суусан гэх бүдэг бадаг мэдээ дуулдсан байв. Эхийнхээ ангир халуун уургийг гуравхан хоног хөхөөд хаягдсан хүү ёстой л хүн болох дуртайдаа л өсч торниж байна. Таван халуун амиа хоолтой хонуулахын төлөө өглөө босоод л шуудай үүрэн хог ухах А.Бадамханд гуай ач хүүгээ өглөө, оройдоо л энд тэндээс олж ирсэн даавуу шаавууны өөдсөөр хуурайлн, биеийг нь амрааж, ам руу нь юу олдсоноо хийнэ. Бүхэл бүтэн есөн сар ийм амьдралаар амьдарсан Баяржаргал хүүг тэжээлийн гүн дутагдал, ханиад, хатгаа дээр дээрээс нь нэрмэн хорвоогоос буцдагийн даваан дээр эмч нар амийг нь аварчээ. Амьсгалын дутмагшлын улмаас зүрх нь хэдэнтээ зогссон удаатай. Ор хоног хугацаатай юм болохоор тус тасгийнхан хүүгийн эрүүл мэнд, ар гэрийнх нь нөхцөл байдлыг ойлговч арга үгүй болохоор эмнэлгээс гаргажээ. Тэр үед хүү эмч сувилагч нарын гарыг дагуулан хараад байдаг байжээ. Харамсалтай нь, гэртээ хариад 20 гаруй хоноод эргэж эмнэлэгт хүргэгдэж ирэхдээ эмгэн буурал ижийнхээ дүрийг дахиж хэзээ ч харах чадваргүй болсон байна. Асаргаа сувилгаа байхгүй хүүгийн өвчин даамжирч хараанд нь нөлөөлсөн бололтой. Тодруулж хэлбэл, тархины саажилт, хоол тэжээлийн дутагдал түүнийг ийм болгосон хэрэг. Уншигч та хүүгийн эцэг нь хаачсан юм бол хэмээн бодож буй биз ээ. Хүүгийн ээж төрсөн үрээсээ зугтааж одсон бол төрсөн эцэг болох Баярсайхан өнгөрсөн жилийн долдугаар сарын нэгний үймээний хэргээр шоронд ял эдэлж байгаа аж. Ингээд хүүгийн эмэг эх А.Бадамханд гуай болон Эх нялхсын эрдэм шинжилгээний төвийн Эрчимт эмчилгээний тасгийн их эмч н.Энхцолмонтой уулзаж, Баяржавхлангийн ирээдүйн хувь заяаны талаар ярилцсанаа уншигч танд хүргэе. А.Бадамханд: Хүүгээ хоолтой газар бараадуулмаар байна -Хүүгийн бие анх ирснээсээ дээрдсэн байна уу? -Хүү бид хоёр өнгөрсөн гуравдугаар сараас хойш эмнэлгээс салсангүй. Үнэн байдлаа хэлэхэд, эгч нь ачаасаа гадна аравтай, долоотой хоёр нялх хүүхэд тэжээдэг. Амьдралд минь дэм болдог ганц хүү маань шоронд суугаа болохоор би л амьдралын төлөө тэмцэж байна. Ачийгаа олигтой асарч чаддаггүй ээ. Өглөө хуурайлж орхиод л Цагаан давааны хогийн цэг рүү хоёр хүүхдээ дагуулаад явдаг. Өдөржин хог ухаж, шил сав цуглуулаад түүнийгээ зарж борлуулаад хоёр талх эсвэл жаахан уушиг, зүрх, бөөр авч ирээд бантан хийж, түүнийхээ шингэн хэсгээр Баяржавхлангаа угждаг. Өвөлжин хүйтэн гэрт шээсэн дээрээ хэвтсээр байгаад ийм болгочихлоо. Сая намайг эзгүй хойгуур таталт өгөөд ухаангүй олон цаг болсон байсан. Тэгээд ч бичиг баримтгүй болохоор бид хоёрыг хэвтүүлэх газар олдохгүй олон газар царайчилж явсаар энд ирж хэвтсэн. Үүнийгээ сахиад эмнэлэгт байх гэхээр нөгөө хоёр маань турж үхэх гээд болдоггүй. Эмч нарт найдаад ачаа орхичихоод хэд хоног хог дээгүүр явж байгаад ирлээ. Бас ойрноос миний даралт ихсээд болдоггүй. -Та хөдөөнөөс шилжиж ирсэн үү, бичиг баримт чинь яасан юм бэ? -Өвөрхангай аймгийн Бүрд сумынх. Зуданд хамаг малаа барчихаад хот руу ирсэн. Хэдэн жилийн өмнө гэр маань шатаад бичиг баримтгүй болсон. Архиваас шүүлгээд авъя гэхээр торгуулийнх нь мөнгийг дийлдэггүй юм. -Баяржавхлан хүүхдийн мөнгө авдаггүй юу? -Бид нар бичиг баримтгүй болохоор хүүхдийн мөнгө энэ тэрээ авч чадаагүй. Манай нөгөө хоёр хүүхэд ч тэтгэмж авдаггүй. -Хүүд асрамж маш чухал байна. Та яая гэж бодож байна даа? -Надад мэдэх юм алга. Эмнэлэгт гурван сар гаруй боллоо. Энд хоол ундтай, дулаахан болохоор сайхан байсан. Гэртээ харихаар бүх зүйл урьдын адил болохоор дахиад л өвдөх байх даа. Эмч нар хүүхэд асрах газар хөөцөлдөж л байгаа юм билээ. Хүүгээ хоолтой газар бараадуулчихаад сардаа нэг барааг нь харвал надад болно. -Хүүгээ шоронгоос суллуулах арга хайв уу? -Мөнгөгүй болохоор яаж ч чадахгүй юм аа. Хулгай хийсэн гэж л цагдаа нар хэлдэг. Н.Энхцолмон: Хүүхэд асрах төв л хайж байна -Баяржавхлан хүүгийн хувьд эрүүл мэнд нь сайжирч эмнэлгээс гаргах цаг болсон. Маш хүнд ирсэн. Хоёр ч удаа амьсгал дэмжих аппаратад орсон. Амьдрахын төлөө тэмцээд байхаар нь өрөвдөөд эмнэлгээс гаргаад явуулчихаж чадахгүй байна, манай тасгийнхан. Өнгөрсөн гуравдугаар сард манай тасагт хэвтэж эмчлүүлээд гарахдаа овоо сайхан болсон байсан. Гэртээ гараад 20 гаруйхан хоноод эргээд ирэхдээ л өвчин нь хүндэрч, нүд нь юм харахаа больсон. Таталт өгөхдөө л харааны эрхтнийг нь гэмтээчихсэн бололтой. Эмнэлэгт хэвтээд 76 хонох гэж байгаа. Эмнэлгийн удирдлагууд гарга гээд байгаа. Бид энд нь байлгаж байгаад хүүхэд асрах төв рүү өгөх санаатай хөөцөлдөж байгаа ч амжилт муутай л байна. Нялхсын клиник сувиллын орон тоо гүйцчихсэн учраас авах газар олдохгүй юм. Хараагүй, саажилттай учраас жирийн нэг асрамжийн газар бол нэмэргүй. “Гэрэл” төв гээд америк эзэнтэй сайн дурын буяны байгууллага байдаг юм билээ. Түүнд өгчих санаатай. Хөдөлмөр нийгэм, хамгааллын яамны мэргэжилтэн н.Батсүрэн гэж байцаагчид хандсан. Ирэх долоо хоногт шийдэгдэх байх. Эмнэлэгт байх хугацаанд бид цалингаасаа илүүчилж, живх, хувцас авч өгсөн. Энд хүүхдээ сахиж байгаа эцэг, эхчүүд ч туслах л юм. Гагцхүү асаргаа л чухал байна даа. Эмчлэгч эмч нь ийн ярьж байна. Бусдын хаяад явсан үрийн ирээдүйн сайн сайхны төлөө зүтгэж яваа тэд үүнээс өөр юуг хийж чадах билээ. Хөөрхий эмэг эхийг ч буруутгаад яахав. Чадал нь энэ байх. Харин тээж төрүүлсэн эх юу бодож явдаг бол. Яаж нойртой хонодог байна аа. Хүмүүс ээ, хүний хорвоод амьд явах гэж амьдралын хатуу, өвчний хүндтэй тэмцэн үхлийн ирмэгээс буцсан хараагүй, хөгжлийн бэрхшээлтэй хүүд туслаач. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны улсын байцаагч н.Батсүрэн та хүүгийн хувь заяаг хурдан шийдэж өгнө үү хэмээн хүсэх байна. Таны тус тэр хүүд хэрэгтэй байна. Б.Баяржавхлан хүүг бурхан ивээж, ядах нь хараа оруулж хайрла. Ч.Чулуунцэцэг news.mn
|