| Бэй Аэриагийн наадам 2009-д LA-ийн Монголчууд оролцов |
|
|
| Бичсэн: Administrator | ||||||||||||||||||||||||||||
| 2009-07-14, Мягмар | ||||||||||||||||||||||||||||
Бэй Аэриагийн Монголчууд Сан Франциско хотноо төвлөрөн баяр наадмаа тэмдэглэдэг уламжлал тогтоод арав гаруй жилийн нүүр үзэж байна. Өнгөрсөн Бямба гарагт Голден гэйт цэцэрлэгт хүрээлэнгийн Оld speedway хэмээх талбайд Бэй Аэриа Монголчуудын Холбооноос сүүлийн дөрвөн жил дараалан зохион байгуулж байгаа баяр наадмын ажиллагаанд Сан Франциско, Оакланд, Аламеда, Конкорд, Валнут Грийк, Албани, Сакраменто зэрэг хотуудаас 1500 гаруй монголчууд хүрэлцэн ирж оролцлоо. Эрэг тохойн чийглэг агаар үнэртсэн тогтуун сайхан өглөө эрт зохион байгуулагчид наадмын талбайгаа засаж бэлтгэх нүсэр ажлаа эхлэн худалдаа үйлчилгээ явуулах хүмүүс галаа асаан майхан сүүдрэвчээ барьж энд тэндгүй их ажил өрнөсөөр 11 цагийн орчимд сая бэлэн боллоо. Энэ жилийн наадмын талбайн тайз, засал чимэглэлийг Сан Франциско хотын “Дашаа доожо” бие хамгаалах урлагын дэвжээний багш Бат-Энх гардан удирдаж босгов. Тэрбээр сүүлийн гурван жил дараалан наадмын тайзны зураг дизайныг нь гардан урлаж байгаа алтан гартан билээ. Мөн тус дэвжээний тамирчин хүүхдүүд талбайн дотоод хамгаалалтыг тун хариуцлагатай хийж зохион байгуулах ажилд өөрсдийн хувь нэмэрээ оруулсан. Алтан соёмбо үсэгтэй тугаа залан мандуулах ёслолыг урд жилийн түрүү магнай бөх Д.Гомбодорж, байт сурын ахмад тамирчин, спортын мастер Л.Бадамдаш, “Таван цагариг” сонины тусгай сурвалжлагч, хөлбөмбөгийн спортын мастер Ц.Энхтүвшин, Бие хамгаалах урлагын “Дашаа доожо” дэвжээний шилдэг тамирчин охин Б.Аминаа, Бэй Аэриайгийн хүүхэд багачуудын төлөөлөл Х.Баттөгөлдөр, Э.Анхилуун нарын хамт гүйцэтгэн төрийн сүлд дуулалыг түмнийхээ дунд дуулж зогсоход сайхан байлаа. Энэ жил Сан Франциско хотын захирагч Гэвин Ньюсом, Оакланд хотын захирагч Роналд Д. Дэллюмз нар тус бүрнээ захирамж гаргаж жил бүрийн 7 сарын 11-ний өдрийг "Монголын өв соёлын" өдрөөр батламжлан зарлсан нь онцгой тэмдэглэлт үйл явдал болсон юм. Жил жилийн наадмын хөтөлбөрийг боловсруулж бэлтгэдэг Соёмбоо маань энэ жил мэргэжилийн дуучин Батхуягтай хамт хөтлөв. Мөн Валнут Грийк хотын ахлах сургуулийн шилдэг сурагч Т.Саруулдарь охин зэрэгцэн англиар орчуулж уншсан нь америк зочдын сэтгэлд нийцсэн байхаа. БАМХ-ны тэргүүн Д.Лувсанжамбаа нээж товч үг хэлсний дараа уламжлал ёсоор урлагын тоглолтоор наадам эхлэв. Ардын урлагын цөөхүүл Отгоо (ёочин), Оргилсайхан (морин хуур), Дамиа (морин хуур), Туул (шанз), Өлзий (эвэр бүрээ), Ганбаа (лимбэ), Энхтуяа (дуучин), хүүхдийн бүжгийн зохиомжийг хийсэн багш Зоригоо, Оюунцэцэг, бүжиглэсэн охид хөвгүүд, дуурийн дуучин Батхуяг, дуучин Ганболд, Нюанс хамтлагын гоцлол дуучин Өнөрбаатар нар оролцсон урлагын тоглолт тун чадварлаг болж наадамчин олны баяр хөөрийг улам хөглөлөө. ![]() Үндэсний бөхийн барилдаанд 32 бөх хүч үзэв. Хаа холын Лос Анжелос хотоос зорин ирсэн Увс аймгийн харъяат аймгийн заан Төгсжаргал, Сеатл хотоос ирсэн Архангай аймгийн уугуул, аймгийн заан Сүхболд нар энэ жилийн Бэй Аэриагийн наадмын хамгийн том цолтой бөхчүүд байлаа. Увс аймгийн харъяат залуу бөх Цогхүү (Лос Анжелес), Тулгаа (Сеатл) нарын сайхан барилддаг бяртай иртэй залуучууд олон ирсэн. Хол газраас хоёр бөхөө дагуулж нисээд ирсэн чөлөөт бөхийн олон улсын хэмжээний мастер Баяраа маань хуучин нутагтаа наадмын түрүү авах зорилготой байсан нь мэдээж. Бид бас яаж (нутгийн) наадмаа алдаад хоцрохыг хүсэх вэ, нодин жилийн түрүү бөх, цэргийн начин Гомбодорж (Конкорд), Бэй Аэриагийн наадамд тав түрүүлж хоёр үзүүрлэсэн, чөлөөт бөхийн олон улсын хэмжээний мастер, аймгийн начин Болдсүх (Аламеда), чөлөөт бөхийн олон улсын хэмжээний мастер Зүүнбаян (Сан Франциско), чөлөөтийн мастер Энхтөр (Конкорд), залуу бөх Шийрав (Оакланд) нарынхаа дээлний захыг мушгиж суув. Ингээд аймгийн заан Төгсжаргал (Лос Анжелес), аймгийн начин Болдсүх нар үзүүр түрүүнд шалгаран үлдэж үнэн хүчийг үзлээ. Болдсүх начин тун шийдэмгий түрж хөөгөөд бариа зөрөөн дээр мэх хийх бодолтой байхад Төгсөө заан хав барьцанд хүрч барилдах зорилготой нь илт харагдаж байв. Зочин бөхөө хүндэтгэх үүднээс засуулаар нь хамт ирсэн Баярааг гаргаж бөхчүүдийг хэд хэдэн удаа голлуулсан ч байдал өөрчлөгдсөнгүй. Хөлийн цэцээр ажилласан Отгонбаатар маань үндэсний бөхийн шинэ дүрмээр хоёр бөхийг хав золгуулах санал гаргасан боловч Болдсүх начин зөвшөөрсөнгүй. Зөвшөөрөхгүй байх шалтгаан хангалттай байв. Учир нь Төгсжаргал заан барилдаан эхлэнгүүт талбайн голоос шууд ухарсаар хүмүүст тулаад барьцанд хүрэх, барилдаан гаргах ямарч боломж өгөхгүй зөвхөн хав золгооноос хаях тооцоотой цаг авч байсан нь үзэгчдэд таалагдаагүй нь мэдээж. Ийм байдал олон удаа давтагдан удсаны эцэст сэрвүү барьцнаас Болдсүх начин Төгсжаргалын баруун суганд нь сэжиж ард нь гараад аатай сайхан давлаа. Хоёр бөх хаялцаагүй тохиолдолд тодорхой цаг болоод (15 минут, том наадамд 40 минут гэдэг) хав золгуулан бяртай чадалтайд нь баглаж өгдөг шинэ дүрмэнд шинчлэгдээгүй зүйл олон гэдэг үнэн бололтой. Үзэгч олноо хүндэтгэн үнэн хүчийг үзэж сайхан барилдаан гаргахын оронд үзэгний үзүүрээр шийдсэн цаасан дүрмэнд тооцоолж барилдаж байгаа нь дэмий л харагдана билээ. Харин хаа холоос зорин ирж барилдсан бүх бөхчүүддээ баярлаж талархаснаа наадамчдынхаа өмнөөс илрэхийлье. Бэй Аэриагийн наадамдаа нутгийн бөх түрүүлсэнд баярласан наадамчин олон талбайг бүчин шагнал гардуулах ёслол хөлтэй боллоо. БАМХ-ны тэргүүн Д.Лувсанжамбаа түрүүлсэн бөхийг алтан медал, диплом, их гарын мөнгөн аяга, Алтанбулаг хивсээр, үзүүрлэсэн бөхийг мөнгөн медал, диплом, бага гарын мөнгөн аягаар байлав. Мөн түрүүлсэн бөхийгөө Аламеда хотын Болор $100, Сан Франциско хотын Ганзориг жил бүрийн наадмаар өгдөг ээжийнхээ нэрэмжит шагнал $100-оор шагнав. ![]() Өсвөрийн бөхчүүдийн барилдаанд 8-12 насанд Зүүнбаянгийн Мөнхтулга түрүүлж, Бат-Энхийн Тэмүүлэн үзүүрлэв. 13-16 насанд Одбаярын Алтангэрэл түрүүлж Болдын Чинбаяр үзүүрлэв. Хүүхдийн барилдааны шагналыг БАМХ-ноос захиж авчруулсан алт мөнгөн медалын хамт уламжлал ёсоороо Мөнхбат, Батсайхан, Бек ахлагчтай барилгын хамт олон дааж үзүүр түрүүний хүүхэд тус бүрийг унадаг дугуйгаар байлав. ![]() Эрийн гурван наадмыг орлох бас нэгэн тэмцээн бол шагайн харваа юм. Сакраменто, Конкорд, Аламеда, Оакланд, Сан Франциско хотын монголчуудын баг хувийн болон цуваа харвааны төрөлд ширүүн өрсөлдөв. ![]() Жил жилийн наадамд хурдан даага унасан хүүхдийн уралдаан болдог. Өхөөрдөм энэ уралдаанд зарим (даага) гарааны зурхайнаас түрүүлж гарах, зам хадуурах гээд юм юм л болж байв. Чухам хэн гэдэг хүүхдийн унасан даага түрүү магнай болсныг мэдэж амжаагүйдээ уншигч танаас хүлцэл эрье. Дааганы уралдаанд оролцсон ихэнх хүүхэд багачууд данхайсан том хоёр хийлдэг тоглоом дээр өдрийг барсан даа. Энэхүү сайхан тоглоомыг захиалан авах бүх зардлыг Милбрай хотноо суугаа залуу гэр бүл Батмөнх, Цолмон нар дааж гаргасанд наадамчин олныхоо өмнөөс талархал илэрхийлж байна. Баяр наадмын бас нэгэн өрсөлдөөнтэй тэмцээн бол “Замдаан” сэтгүүлийн нэрэмжит олс таталтын тэмцээн болсон. Хот болгоноос 8 хүнтэй 8 баг гарч өрсөлдсөөр “Таван Цагариг” баг түрүүлж хөлбөмбөгийнхөн хөл гартаа тэнцүүхэн бяртайгаа харуулав. Удаах байранд Аламеда хотын баг орлоо. Үзүүр түрүүний багийг Лос Анжелес хотноо байгуулагдан ажиллаж байгаа хувцас дизайны “Мозила” компанийн залуучуудаас худалдаж авсан Монгол зураг бичигтэй цамц, ороолтоор байлав. Мозила компанийн залуучуудын хийсэн төрөл бүрийн загвар дизайнтай футболк их л гүйлгээтэй байгаа харагдсан тул бай шагналдаа авсан юм. Бие хамгаалах урлагын "Дашаа доожо" клубийн тамирчид бүрэн бүрэлдхүүнээрээ үзүүлэх тоглолт хийсэн нь баярын хөтөлбөрийн бас нэгэн шигтгээ боллоо. ![]() Худалдаа үйлчилгээнээс гадна буяны үйл ажиллагаа олон янзын сурталчилгаа хийгдэж байлаа. Төв асрын өмнө Бэй Аэриад бизнес үйлчилгээ явуулж байгаа компанийн сурталчилгааны 8 самбар наадмын талбайг чимэж байв. Мөн Сакраменто хотоос "Цайны найзууд" клубийн Баярсайхан тэргүүтэй бүсгүйчүүд түрдэг тэрэг дүүрэн төрөл бүрийн ном авчирч үнэ төлбөргүй тараасан. ![]() За тэгээд хоол хүнс, бэлэг дурсгалын барааны худалдаа хангалттай байсны заримаас дурдхад Эрднээгийн хийсэн эрээн махтай сайхан шорлог, Даваа ах Нараа эгч нарын давс орц нь яг таарсан амттай хуушуур, Хосоогийн багийн хольцгүй хуушуур гээд зөндөө зөндөө. Энэ жил хуушуурын үйлчилгээ шинээр явуулж байгаа Туул Эрдэнээ нарын үйлчилгээ гүйлгээ нь тун сайн байсныг онцлон дурдая. Жилээс жилд цар хүрээ нь өсөн нэмэгдсээр байгаа үндэсний их баяраа харийн нутагт ёслол төгөлдөр тэмдэглэн улс орноо сурталчлах, соёл, зан заншилаа дэлгэрүүлэх хариуцлагатай ажилд цаг заваа харамгүй зарцуулж, сэтгэл гарган зүтгэсэн БАМХ-ны удирдлага, гишүүд, дэмжигчид, хандив туслалцаа үзүүлсэн нийт Монголчууддаа их баярлалаа. Энэ жилийн наадмыг зохион байгуулах ажилд хамгийн түрүүн дэмжлэг үзүүлсэн Вашингтон хотноо суугаа Монгол Улсын ЭСЯ, онц бүрэн эрхт элчин сайд, Х.Бэхбат, ерөнхий консул, Г.Ганболд нарт баруун эргийн монголчуудынхаа өмнөөс гүн талархал дэвшүүлж байна. Оройн баярын үдэшлэг цэнгүүн Оакланд хотноо боллоо. “Хөх монгол” хамтлагын амьд хөгжимтэй, мэргэжилийн DJ Улаанаа, Төмөрөө хоёрын тасралгүй диско, Нюанс хамтлагын Өнөрбаатарын гоцлол дуу дээр нь баярын хямдралтай баарны үйлчилгээ юм юм л байлаа. Ийнхүү Бэй Аэриагийн Монголчууд баяр наадамаа хамртаад арван нэг дэх удаагаа тэмдэглэж америкийн монголчуудын түүхээ арвижуулан үлдээлээ. Ирэх жилийн наадам их л хол шиг санагдана даа. ![]() Мэргэжилийн фото зурагчин Э.Эрдэнэбаярын наадмын талбайд авсан зургуудыг манай www.bamons.com -ийн Зургийн Сангаас орж үзээрэй.
Д.Цэрэндорж 2009.07.13 zamdaan.com
Сэтгэгдэл Бичих |
||||||||||||||||||||||||||||
| Шинэчлэгдсэн огноо ( 2009-07-28, Мягмар ) | ||||||||||||||||||||||||||||
| < өмнөх | дараах > |
|---|












