|
Зөн билгийн тулаан” нэвтрүүлгийн ялагч, “Монголын шилдэг зөн билэгтэн”-ээр тодорсон, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын харьяат, удган Т.Замандыг “Хүмүүс“ буланд урьж ярилцлаа.
-NTV телевизээр “Зөн билгийн тулаан” нэвтрүүлэг гарч эхэлсэн цагаас үзэгчид таныг их дэмжсэн шүү? -Миний хувьд энэ жил аз хийморьтой байлаа. Би Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд төрсөн. Эмээ минь удган хүн байсан. Буян заяаг нь үе дамжин өвлөж, өнөөг хүртэл өөдрөг яваадаа баярлаж залбирдаг. “Зөн билгийн тулаан” нэвтрүүлэгт оролцож, авьяас билгээрээ өрсөлдөн түрүүлсэндээ сэтгэл өндөр байна.
-АСА циркт болсон сүүлийн шалгаруулалтын тэмцээнд та түрүүлж, Дэлхийн зөн билэгтнүүдийн тэмцээнд оролцох эрх авсан. Тэр үед ямар сэтгэгдэл төрж байсан бэ? -Тэр агшныг үгээр илэрхийлэхэд ч багадмаар.Сүүлчийн шалгаруулалтын тэмцээнд оролцохдоо хоёр номерын сугалаа татахад 10 гаруй жилийн өмнө Зүүн хараагаас ирж, надаар нэр хайрлуулж байсан ихэр охид тайзан дээр гарч ирээд цэцэг өгөхөд их бэлгэшээлтэй санагдсан. АСА циркийн танхимд тулааныг үзэхээр ирсэн үзэгчид “Заманд, Заманд” хэмээн дэмжиж байгааг сонсох тэр мөч үнэхээр сайхан байлаа.
-Дэлхийн зөн билэгчдийн тулаанд та оролцоно. Шинэ оныг гадаадад угтах нь дээ? -Тийм ээ. Арванхоёрдугаар сарын 30-нд тулаан Америкт болно. Энэ тулаанд амжилттай оролцоно гэдэгтээ итгэлтэй байна. Монголын ард түмэн надад итгэл, урам дэм, эрч хүч хайрласан шүү дээ.
-Азийнхан Европын зөн билэгчдээс чадал, авьяасаараа илүү байж чаддаг уу? -Би дэлхийн хэд хэдэн оронд хөл тавин, гадаадын олон хүнтэй уулзаж, ярилцсан. Азийн зөн билэгчдийн авьяас, чадвар чамлахааргүй сайн. Бидний үзэж буй мэргэ, засал, уншлага илүү байдаг. Тухайн хүнийг үзээд амьдралд нь тохиолдсон таатай, таагүй зүйлийг нэг бүрчлэн хэлэхэд гаднынхан их гайхдаг. Итгээд бүр сүсэглэдэг. Монголчуудын зөн билэг Европчуудынхаас өөр. Тэнгэр лустай харилцаж, уул ,ус, булаг рашаанаа дээдэлдэг. Тухайлбал бурхан болсон хүнээ манайхан ёс заншлынхаа дагуу хүндэтгэлтэйгээр хөдөөлүүлэн, сайн төрөл олоосой хэмээн залбирч, буяныг бодож ном уншуулдаг. Монголчууд ёс заншил, шашин шүтлэгээрээ бусдаас давуу. Орос, Америкийн зөн билэгчдийн тулааныг үзэж байхад бүх зүйл хиймэл, цаанаас нь зохион байгуулж бэлдсэн байдаг. Тэгвэл бид тэдэн шиг тансаг байранд байрлаж, сайхан зоог хүртэн, тухлах боломж муутай. Үнэнийг өгүүлэхэд бор зүрхээрээ өөрсдийн жинхэнэ авьяас билэг, хүч чадал, мэдлэгээрээ өрсөлддөг. Би Америкийн зөн билгийн тулаанд оролцсон нэгэн зөн билэгчийн эгчтэй нь уулзахад “Монголын зөн билгийн тулаан надад таалагдсан. Дөрвөн орой дараалан танай нэвтрүүлгийг үзээд Монголчууд зөн билгээрээ ямар мундаг юм бэ гэж гайхаж биширсэн” хэмээн хэлж байсан.
-Өөртөө зөн билэг байна гэдгийг хэзээ мэдэрсэн бэ? -Эмээ, ээж хоёр намайг зөн билэгтэй хүүхэд гэдгийг багаас минь гадарласан байсан. Намайг эх барьж авсан ээж мундаг хүн байлаа. Өмнө нь ямар нэгэн хэвлэлд ярилцлага өгөхдөө би нэрийг нь огт дурдаж байгаагүй. Одоо хорвоод байхгүй ч маани, тарни уншаад нэрийг нь хэлье. Миний боосон ээжийг Найдан гэдэг. Эмч мэргэжилтэй байсан юм. Ээжид “Чамаас ер бусын хүүхэд төрнө. Хүү төрвөл дэлхий дэлгэрсэн хүү гарна. Охин төрвөл чиний алгыг дээш харуулсан мундаг охин төрнө” гэж хэлсэн гэдэг. Ээжийг төрөх дөхчихсөн байхад сахиж суусаар эх барьж авч, надад “Заманд” хэмээх нэр хайрлан, “За, энэ охин жирийн нэг хүүхэд биш шүү. Нэрийг нь дааж, хайрлаж яваарай” гэж захиж хэлсэн гэдэг. inet.mn
|