| Хоккей бол Канадын үндэсний спорт мөн |
|
|
| Бичсэн: Administrator | ||||
| 2010-03-01, Даваа | ||||
“Оросууд дэлхийд машин, хүүхэн, хоккейгоороо дийлдэг” хэмээн Овечкин хэлж байлаа. Харамсалтай нь тэд Канадын эсрэг юу ч хийж чадсангүй, хоккей анх сурч байгаа хүүхдүүд шиг л харагдаж байв. Олимпийн наадмын шигшээ тоглолтод энэ хоёр багийг таараасай гэж хэн хүнгүй л хүсэн хүлээж байсан. Канадчууд олимпоор ЗХУ, Оросын шигшээ багийг 50 жил хожиж байгаагүй гэсэн статистикт итгэвэл Орос энэ удаад ялахгүй юм гэхэд сайхан өрсөлдөх байх гэж бүгд найдаж байсныг хэлэх хэрэгтэй. Гэтэл хэрэг дээрээ юу болов? Тоглолт эхлээд л канадчууд хурд, хүчээр илт давамгайлсан. Оросууд учраа ч олж амжаагүй байтал гурав дахь минутад Гецлаф хамгаалагчдын алдааг ашиглан эхний гоолыг орууллаа. Шайб хаана байна, тэнд Канадын хоёр гурван тоглогч заавал байж харагдах бөгөөд нэг тоглолт илүү хийж, ядарсан шинж тэдэнд даанч алга. Дундын бүсийг хэдхэн секундэд туулж, хашлаганы ойролцоох хүчний тулаанд ч илт давамгайлж байв. Энэ тоглолтын шийдвэрлэх мөч эхний үеийн 12 дахь минутад боллоо. Оросын тамирчин торгуулиар сууж, дутуу хүнтэй болсныг ашиглан Бойл Оросын хаалганд шайб хийв. Бойлын гоолоос дөчхөн секундын дараа Малкиний алдааг ашиглан канадчууд ганц хамгаалагчийн эсрэг хоёул гаран Нэш гоол оруулснаар үндсэндээ хувь заяа шийдэгдлээ. Канадууд Оросын супер од Овечкинийг хаах болно гэдгээ эртнээс хэлж байсан ёсоороо шайбтай байсан байгаагүй зогсоон, түлхсээр ер тоглуулсангүй. Канадын энэ тактикийг оросын дасгалжуулагч Быков мэдээгүй гэвэл худал болох биз. Гэвч тэрбээр эсрэг ямар ч арга хэмжээ авч чадсангүйгээр дасгалжуулагч нарын халз тулаанд Канадын Майк Бэбкокт бут ниргүүлсэн. Тоглолт эхлээд зургаахан минут болж байхад Быков минутын завсарлага авсан гэхээр оросууд яаж тэвдсэнийг ойлгох байх. Эхний үеийг 4-1 харьцаатай дуусгасан оросууд хоёрдугаар үе эхлээд ч хүнд цохилтод орсон боксчин мэт харагдаж байлаа. Хөдөлж ядан бээцийх Оросын тоглогчид өвлийн хүйтэнд осгох гэж байгаа гамин цэрэг мэт гулгаж ядаж байхад нэг л мэдэхэд тоо 6-1 болсон байв. Шоконд орсон хаалгач Набаковыг Брызгаловоор сольсон ч байдал сайжирсангүй. Набаков багаа аварсангүй, хамгаалагчид нь ч түүнд тусалсангүй. Хоёрдугаар үед оросууд тоогоо нэхэх гэж оролдож байна гэж хэлэхэд хэцүү, талбайгаасаа гарч чадахгүй, дамжуулалтаа байнга таслуулдаг, ер нь нүд хальтирмаар харагдаж байв. Алдарт Овечкин энэ тоглолтод хаалга руу гурван удаа цохисон мөртлөө торгуулийн суудалд “залраад” амжсан. Канадын Кросби ч байгаа эсэх нь мэдэгдэхгүй байсан ч энэ нь харин Канадын багийн тактик байлаа. Бэбкок түүнийг тун бага тоглуулсан. Канадын баг гурвал, тавлуудаа сэлгэж байсан бол Быков хамаг юм өнгөрсөн хойно л гурвалуудаа сольж эхэлсэн. Хоёрдугаар үеийг 7-3 харьцаатай дуусгасан хоёр багийн хувьд сүүлийн үе жирийн нэг бэлтгэл мэт утгаа алдсан байв. Оросууд хурд, хүч, тактик, сэтгэл санаа гээд бүх талаараа ялагдаж, хожно гэсэн итгэлгүй болсон байсан бол канадчууд шайб эзэмшин, хааяа сөрөг довтолгоо хийхээр хязгаарласан. Хэрэв тэд хичээсэн бол оросууд улам их тоогоор ялагдах байсан нь гарцаагүй. Ийнхүү Овечкин ба түүний нөхөд олимпоо дуусгаад гэрийн зүг хөлгийн жолоо заллаа. Оросын шигшээ баг хэзээ ч олимпийн наадмаас ийм эрт харьж байсангүй. Орос - Канад - 3:7 (1:4, 2:3, 0:0). 0:1 - Гецлаф (Бойл, Пронгер) - 02:21. 0:2 - Бойл (Хитли, Марло) - 12:09. 0:3 - Нэш (Тэйвс, М.Ричардс) - 12:55. 1:3 - Калинин (Волченков, С.Федоров) - 14:39. 1:4 - Морроу (Бойл, Кит) - 18:18. 1:5 - Перри (Гецлаф, Кит) - 23:10. 1:6 - Уэбер (Тэйвс, Игинла) - 24:07. 2:6 - Афиногенов (Ковальчук, Гребешков) - 24:46. 2:7 - Перри (Э.Стаал, Гецлаф) - 29:51. 3:7 - Гончар (Малкин) - 31:40. Тоглолтын дараа В.Быков- Бид Канадын өмнө мэхийн ёслохоос өөр арга алга. Би хэнийг ч буруутгахгүй. “Гэмт хэрэгтнийг” хайгаад эхэлбэл манай шигшээ задран бутрах болно. М.Бебкок- Сүүлийн хоёр жил нэг орон бидэнд хоккей заах гээд оролдоод байлаа. Би хөдөөний жирийн нэг хүн, гадаад орнуудыг мэдэхгүй юм. Гэхдээ канадчууд хамгийн сайн хоккей тоглодог гэдгийг бол мэднэ ч, харуулсан ч. А.Медведев- Бид Быковыг халахгүй. Тэр шигшээ багийг ДАШТ-д удирдах ёстой. И.Брызгалов- Канадчууд торноос нь дөнгөж гаргасан горилл шиг л байсан. Хүч чадлаар биднийг ааглаж, алах дөхлөө. Бидний хувьд дэлхий сөнөсөн юм шиг л санагдаж байна. Р.Нэш- Бидний зорилго тэднийг хамгаалахаас өөр аргагүй болгоход байлаа. Оросууд хамгаалах дургүй хүмүүс. Овечкин- Биднийг дэмжиж байсан бүх хүнд баярлалаа. Одоо хоккей ойлгохгүй хүмүүс биднийг гутаан доромжилж эхэлнэ гэдгийг би мэдэж байна. Бие биенээ хайрлая хүмүүс ээ. inet.mn ![]()
Сэтгэгдэл Бичих |
||||
| Шинэчлэгдсэн огноо ( 2010-03-05, Баасан ) | ||||
| < өмнөх | дараах > |
|---|







