|
Дорнод аймгийн Баян –Уул сумын нутаг Монгол улсын нийслэлээс 600 километр алслагдсан. 562 мянган га нутаг дэвсгэртэй, үүний 5,9 хувь нь улсын тусгай хамгаалалтанд багтжээ. Тус сум 5000 хүн амтай Дорнод аймгийн хамгийн олон хүн суурьшсан газар юм. Дорнодын ой модны 80 хувь нь энэ суманд байдаг. Энэ нутгийн шигүү ойн дунд хандгай, буга, зэрлэг гахай, чоно, хүдэр, баавгай, үнэг, хярс, шилүүс гэх мэт олон төрлийн зэрлэг араатан амьтан бий. Монголдоо л том гол мөрний тоонд ордог Онон болон Улзын гол урсдаг.
Энэ сумын дунд сургуулийн 5 дугаар ангид А.Уранбаяр хэмээх хөөрхөн бор хүү сурдаг. А.Уранбаяр малчин Алтангэрэлийн отгон хүү. Тэрээр өдгөө монгол түмний бахархал болоод байна. Арван нэгхэн настай монгол хүү арван нэг хоногийн турш шигүү ойд амь зууж, Онон мөрний шугуй даган алхсаар 70 гаруй километр газрыг улаан нүцгэн хөлөөрөө туулсан нь хүмүүсийг гайхшруулж байна.
Монгол “Робинзон Крузо” болж зуны аагим халуунд битүү ойд 11 хоногийг өнгөрүүлсэн бяцхан жаал эр зориг, тэвчээр хатуужлынхаа хүчээр эсэн мэнд эргэж ирлээ. Малчны хүү, хурдны морь унан давхидаг А.Уранбаяр Чингисийн монголчуудын, нүүдэлчин түмний нарийн арга ухаан, тэсвэр тэвчээрийг харуулав.
А.Уранбаяр 2010 оны 6 дугаар сарын 19-ний өдөр даагаа тарлахаар гэрээсээ гарчээ. Морь тарлаж дууссаны дараа хөтөлж явсан даагаа алдсан хүү араас нь хөөцөлдсөөр яваад ой руу орчихжээ. Даагаа алдаад хайж явсаар хоёр дахь хоног дээрээ морио бусгахад унасан жаал хүү ойд 11 хоногийг өнгөрүүлсэн юм. Дорнод аймгийн Онцгой байдлын газраас хүүг гурван хоног хайсан бөгөөд 4 дахь хоногт ар гэрийнхнийх нь хүсэлтээр ажлаа зогсоожээ.
“Үхтэл үр харам” юм болохоор хүүгийн аав ээж, ах дүү нь эрлээ зогсоолгүй А.Уранбаярыг хайсаар байсан гэнэ. Хувцасны тасархайг ч болов харах, ул мөр олж мэдэхийг ээж аав нь туйлаас хүсч байжээ. Сумын иргэд ч хүүгийн араас санаа зовж, ар гэрийнхэнтэй нь хамт эрж хайсаар байсан. Ой шугуйд явган явна гэдэг бэрх учраас зарим айл морь гаргаж өгч тусалсан байна.
Малчин монгол айлын хүүхдүүдийн жишгээр хар багаасаа л хурдны морь унаж, моринд хорхойтой болсон А.Уранбаяр ухаалаг өсжээ. Тэр ой модонд 11 хонохдоо араатан амьтнаас өөрийгөө хамгаалж чадсан байна. Чоно дагахад хүү гүйгээгүй, гүйвэл дайрна гээд алхсан хэвээр барьж явсан хазаарынхаа төмрийг дуугарган чимээ гаргасан хэмээн ярьж байлаа. Түүнийг төөрөх үед Монголын зүүн бүс нутагт 39-43 хэмийн халуун өдрүүд үргэлжилж байсан юм. Энэ үеэр Монгол улсад өөр нэг хүн ойд төөрөөд нэг хонохдоо осгож нас барсан билээ. Энэ золгүй тохиолдлын эзэн нь нас биед хүрсэн гадаадын иргэн байлаа. Харин арван нэгхэн настай А.Уранбаяр хүү өдрийн бүгчим халуунд модны ёроолд унтаж амраад, шөнийн цагаар алхдаг байсан гэнэ. Ундааны сав олж аваад булгийн ус дүүргэн замдаа ууж, толгойгоо норгон наранд цохиулахаас сэргийлж явжээ. Түүнд “Ямар ч байсан гэрээ олно, аав ээж, ах, эгч нартайгаа уулзана” гэсэн итгэл дүүрэн байв.
А.Уранбаяр Баян-Уул сумын Ерөнхий боловсролын сургуулийн 5б ангид сурдаг. Ангийн багш В.Пүрэвжил нь эр зоригт, баатарлаг шавиа “Хэрсүү, байнга шинийг сэдэж байдаг, сэтгэн бодох чадвар өндөртэй хүүхэд” хэмээн магтаж байлаа. А.Уранбаяр тооны хичээлдээ дуртай, том болоод багш болохыг хүсдэг. Хүүгийн өвөө өдгөө 87 нас хүрч байгаа С.Жамба гуай ч ач хүүгийнхээ чадвар, ухааныг биширч, А.Уранбаярыг эсэн мэнд эргэж ирсэнд бахархаж суусан.
Битүү ойд 11 хоногийн турш хэлэн дээрээ юу ч тавилгүй, хоолойгоо л хар усаар чийглэж явсан А.Уранбаяр мориноос унахдаа л өрөөсөн бакалаа алдаж дөрөөндөө явуулчихсан бөгөөд гуталгүй алхсаар хөл нь шархалж, хавдан цус шүүрсэн байна. Газар хороох, араатан амьтан бүхий битүү ойн дундаас амийг нь авч гарах ганц аврагч болсон хөлөө хайрлахдаа цамцаа тайлж, хоёр ханцуйд нь хөлөө углаад алхжээ. Хэдий хөлдөө цамцны ханцуйгаар хийсэн холбоотой даавуун “гуталтай” болсон ч оройтсон. Хөл нь идээлж урагш нэг ч алхаж чадахааргүй болсон учраас гол бараадан хоёр хоносон гэнэ. 3 дахь хоногт ойрхон хүний дуу гарахыг ойн хүү А.Уранбаяр сонсжээ. Хүний бараа хараагүй хүү дуу гарсан зүг рүү чадлаараа тэмүүлж,
–Идэх юм байна уу, надад туслаарай хэмээн голын цаад талд яваа хүмүүст хандан орилжээ. Онон голын энэ хавьд хүн амьдардаггүй бөгөөд Дэлхийн байгаль хамгаалах сан, Тул сонирхогчдын холбооны төсөл хэрэгжүүлэгчид явж байгаад хүүг харж, ус гатлан үүрсээр гарч иржээ. Хэрэв энэ төсөл хэрэгжиж эхлээгүй бол шархныхаа халуунд урагш алхаж чадахгүй байсан хүүгийн хувь заяа хаашаа эргэх байсныг хэлэхэд хэцүү. Хүү “Надаас битгий айгаарай, би төөрсөн хүүхэд байна. Би Дорнод аймгийн Баян-Уул суманд амьдардаг” гэж хэлжээ.
А.Уранбаярын хүмүүстэй таарч аврагдсан газар бол Хэнтий аймгийн Дадал сумын нутаг, анх төөрсөн газраас нь 70 гаруй километр хол. Түүнийг аварсан Алтангэрэл, Золбоот нар хүүгээс хичнээн хоног юм идээгүйг асуужээ. Гэтэл А.Уранбаяр “Би мэдэхгүй байна, ямар ч байсан 6 дугаар сарын 19 ний өдөр гэрээсээ гарсан” гэж хариулсан юм билээ. Аврагчид хүүд хар цай чанаж уулгасан бөгөөд шууд юм идвэл эрүүл мэндэд нь аюултай учраас хоол өгөөгүй гэнэ. Тэд А.Уранбаярын өгсөн утасны дугаараар хүүгээ эрж цөхөөд аргаа барж байсан ар гэрийнхэнтэй нь холбогдож хүүг олсон баярт мэдээг дуулгажээ.
А.Уранбаяр Баян-Уул сумын эмнэлэгт 7 хоног хэвтэж эмчлүүлэхдээ эхний гурван өдөр юу ч ярихгүй, дуугаа хураажээ. Робинзон Крузогийн амьдралаар олон хоногийг өнгөрүүлсэн бяцхан жаалын хувьд хүмүүсийн дунд орж ирсэндээ итгэж чадахгүй шоконд орсных ч байж мэдэх юм гэж мэргэжилтнүүд хэлж байна.
Хүүг алга болсны дараа Баян-Уул суманд “Сумын зөн билгийн тулаан” тэмцээн зохион байгуулагдсан нь сонирхол татлаа. Араатан шувууны хоол болж нас барчихсан гэх нэгэн байхад амьд сэрүүн байгаа, нэг л өдөр гэртээ ирнэ гэж хэлсэн лам, бөө ч байсан гэнэ. А.Уранбаярын найз А.Соёл-Эрдэнэ хүү “Миний найзыг үхчихсэн байна” гэж олон лам худлаа хэлсэн хэмээн уйлж байлаа.
“Амьд хүн аргатай” гэж монголчууд ярьдаг. А.Уранбаяр хүүд малчны уламжлалт орчин, малчин хүний байгаль дэлхий, цаг ууртай харьцах арга ухааныг аав, ээж, өвөөгөөсөө сонсож өссөн нь нөлөөлсөн гэж хэлж болох юм. А.Уранбаяр шигүү ойд хагас сар шахам болохдоо алдарт “Робинзон Крузо”-д гардаг шиг л арга ухаан гарган явсаар эсэн мэнд эргэж ирлээ. Монгол “Робинзон Крузо” одоо ирээдүйнхээ төлөө ихийг бодож мөрөөдөж сууна. Гэр бүлийнхнийхээ халуун дулаан уур амьсгал дунд ганцаар зовж зүдэрч явахдаа олсон шархаа эмчлүүлж, хоол ундаар биеэ тордуулан хүүхэд насныхаа хэвийн амьдралд орчихсон байна. Хүүхдийг олж анхны тусламж үзүүлэн, амь насанд нь аюул учрахаас аварсан “Нутгийн иргэдэд түшиглэсэн байгалийн нөөцийн менежментээр ядуурлыг бууруулах” төслийн ажилтан Золбоот, Алтангэрэл нарын гавьяаг төр засаг үнэлээсэй гэж А.Уранбаярын аав ээж хүсэж байна.
Тэмүүжин багадаа Татаруудаас зугтан ойд гурав хоног бүгж байсан найман зуун жилийн тэртээх түүх орчин үеийн Монгол улсад давтагдлаа. Их эзэн Чингисийн өлгий нутаг Хан хэнтийн ой тайга, Онон голын сав газарт 11 хоногийн турш гэдсэндээ хоолгүй, хөлөндөө гуталгүй ганцаархнаа амьдарсан бяцхан монгол хүүгийн эр зоригийн тухай яриа зүүн аймгийн иргэдийн дунд амнаас ам дамжин домог болтлоо яригдаж байна.
Ж.Батхишиг Н.Цэндбат Ж.Жаргалсайхан shuud.mn
|