|
АНУ-д зуны амралтаа өнгөрүүлэнгээ ажиллах хөтөлбөрт хамрагдаж явсан монгол оюутнууд хүний нутагт хөсөр хаягдаж, бизнесийн хэрэглүүр болсон талаар өнгөрсөн сарын турш шуугисан ч өнөөдөр энэ асуудлыг хэн хүнгүй мартахад хүрээд байна. Гэтэл хөтөлбөрт хамрагдсан оюутнуудын зарим нь эмнэлэгт хэвтэж, шоронд орсон талаар мэдээлэл гарсаар байна. Эрх чөлөөний орон гэгддэг АНУ-д J 1 визээр очоод хүнд байдалд орсон монгол оюутнуудын талаар эргэн сануулж, дараа дараагийн хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй байгаа оюутнуудад зориулсан зөвлөмжийг хүргэж байна.
Монгол оюутнууд харийн нутагт идэх хоолгүй, хонох газаргүй байсны шалтгаан юу байв?
Энэ зун манай улсын 1300 оюутан залуус АНУ-д амрангаа ажиллаж, гадны соёлтой танилцахаар бас мөнгө хуримтлуулахаар Принс Ворлд, Опен Ворлд, Глобал удирдагч сан гэсэн компаниудад дөрвөөс зургаан сая төгрөг төлж АНУ-ыг зорьсон байдаг.
Эдгээр зуучлагч компаниуд оюутнуудыг онгоцны буудлаас буухад нь тосч, ажлын байраар хангах үүрэг хүлээсэн. Харин харамсалтай нь зуучлагч байгууллагууд байгуулсан гэрээгээ биелүүлээгүйгээс хүний нутагт очсон монгол оюутнууд хөсөр хаягдсан байна. Хүлээсэн үүргээ биелүүлээгүй компаниудын буруугаас болж зарим оюутнууд онгоцны буудалд 2 хонож, Нью-Иоркийн онгоцны буудлаас тосох хүнгүй, учраа мэдэхгүй байснаас Атлантик хот хүртэл 300 доллараар таксидаж халаасны мөнгөө дундалсан, Далласын буудалд буугаад ганцаараа төөрч явахад нь гадаад хүн таарч туслан, очих газар нь хүргэж өгсөн тохиолдлууд их гарчээ. Бас оюутнуудад санал болгосон ажлын байрны зарим нь цуцлагдсанаас, зарим нь хуурамч байснаас, бусдад нь хэт олон хүүхэд бүртгэсэнээс олон оюутнууд ажилгүй байхад хүрчээ. Тэдний авч ирсэн мөнгө нь дууссанаас автобусанд хүртэл хоног өнгөрөөж, 100 хүүхэд тэнд байгаа монголчуудынхаар байрлаж, харж хандах хүнгүй бор зүрхээрээ амьдарсан байна.
Зуучлагч байгууллагууд оюутнуудыг өдөрт 8 цаг ажиллуулна, илүү мөнгө олох хэрэгтэй гэвэл нэмэлт ажил олж өгнө гэсэн гэрээ байгуулсан ч энэ гэрээ хэрэгжээгүй байна. Оюутнууд өдрийн 17-20 цаг ажиллаад ч хангалттай хэмжээнд хооллож чадахгүй, өдөрт ердөө нэг удаа хооллож байжээ. Бас унтах газар ч олддоггүй учраас нэгэн буудалд хоёр орон дээр наймуулаа шахцалдан амьдарч, нэг хүүхдээ нуугаад, хэмнэсэн мөнгөөрөө 7 хоногийн хоол авч байсан удаатай гэнэ. Түүгээр ч зогсолгүй усан бассейнд ажиллана, зөөгч хийнэ, томоохон зочид буудалд үйлчлэгч хийнэ гэх мэтийн ажлын байрны саналтай явсан оюутнуудыг зуучлагч байгууллагууд “хулхидсанаас” болж Атлантик сити-д ажиллахаар очсон оюутнууд хүн тэрэг түрж мөнгө олж байсан байна. Энэ ажлаа олохын тулд тэрэг түрээслэгч 2 компаниас өдөрт үйлчилгээнд гаргаж байгаа 400 тэрэгний төлөө Африкаас ирсэн харууд, Азиас ирсэн Туркууд, Европоос ирсэн бусад орныхонтой өрсөлдөж, өдөрт ердөө 2 цаг амарч явжээ. Уг нь АНУ-ыг зорьсон оюутнуудын мөрөөдөл ийм байгаагүй.
Хараа хяналтгүй орхигдсон оюутнуудын амь нас эрдсэн бол хариуцлага хүлээх газар байв уу?
Шаардлага хангахгүй бохир амьдрах орчин, хоол хүнсний дутагдал, зөвхөн ажил хийж мөнгө олох шаардлага нь олон ч оюутнуудын эрүүл мэндэд муугаар нөлөөлжээ. Атлантик хотод ажиллаж байсан нэг охин хөл нь өвдөж, хүндэрснээр 7 сард монгол руу буцсан бол бөөрний өвчин нь хүндэрч хагалгаанд орох шаардлагатай болсон нэг охин Атлантик хотод байна. Бас Туркээр дамжин энэ хөтөлбөрт ирсэн 2 монгол охин автомашины осолд орж, Нью-Иоркийн ойролцоо хотод эмнэлэгт биеийн байдал нь муу байна. Оюутнууд зөвхөн эрүүл мэндээрээ хохироогүй бас шоронд ч оржээ. Хөтөлбөрт хамрагдсан 2 эрэгтэй оюутан хулгай хийсэн, зөрчил гаргасны улмаас шоронд хоригдсон бол зарим охид биеэ үнэлэх замыг сонгожээ. Виржина бийчид ажиллаж байсан монгол охиныг гадаад эзэн нь ажлын бус цагаар "зав гарган уулзаж, цагийг хамт өнгөрөөх" санал тавьсан бөгөөд ийм санал монгол охидод цөөнгүй ирдэг байна. АНУ дахь монголчууд оюутнуудын нас бага, цус шингэн байгаагаас оюутнууд илүү их асуудалд орж байгааг онцолж байгаа юм. Өөрөөр хэлбэл оюутан солилцооны хөтөлбөрт ихэвчлэн 18-19 насныхан хамрагдсан байтал зуучлагч монголын компаниуд оюутнуудад заавар зөвлөгөө хангалттай өгөөгүй, гарын авлага бэлтгэн тараагүйгээс оюутнууд дүрэм заавраа зөрчиж, хууль бус үйлдэлд өртөх, визээ харлуулах тохиолдол багагүй гарсан байна. Гэтэл ОХУ-аас ирсэн оюутнууд энэ талаар маш дэлгэрэнгүй зааварчилгаа бүхий гарын авлагатай байжээ. Энэ бүгдэд оюутнууд зуучлагч байгууллагуудаа буруутгаж байгаа юм. Хариуцлагагүй хандсан зуучлагч компаниудад хариуцлага тооцох боломж байгаа юу?
Соёлын солилцоо гэх энэ хөтөлбөрийн зуучлагч компаниуд олон оюутан бүртгэж, их хураамж авах сонирхолдоо хөтлөгдөн, бүх зүйл маш сайн сайхан болно гэж амалж сурталчилсан нь бодит байдал дээр тэс өөр байснаас олон оюутнуудыг цочиролд оруулж, сэтгэл санааны хямралд өртүүлэх шалтаг нь болжээ. Үнэхээр ч оюутнуудаас багагүй мөнгийг зуучилсныхаа хөлсөнд авсан компаниудад хяналт тавьдаг байгууллага байхгүй байснаас өнөөдөр оюутнууд хохироод хоцорч байгаа гэхэд болно. Зардлаа нөхөөд, сургалтын төлбөрөө ч халааслаад ирэх боломжтой гэх сурталчилгаанд хууртсан оюутнууд хөтөлбөрт хамрагдсан 1300 оюутны дийлэнх нь байсан гэдгийг АНУ-д амьдарч байгаа монголчууд хэлж байгаа. Хяналтгүй цацагдсан зар сурталчилгаанд итгэсэн гэнэн оюутнуудыг ирэх сарын 15-нд монголд ирэхэд банкны зээл угтан авахаар байгаа гэдгийг хөтөлбөрт хамрагдсан оюутнуудын эцэг эхчүүд ч хэлж байна. Гэтэл оюутнуудыг сэтгэл зүйн болоод эдийн засгаар нь хохироосон комданиудад хариуцлага тооцох, зуучлагч байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт тавьдаг ямар ч байгууллага монголд алга байгаа юм. Хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавих, оюутнуудад зөвлөгөө тусламж өгөх тогтолцоо байхгүй байгаа нь дараа дараагийн энэ хөтөлбөрийн хэрэгжилтэд үүнээс ч илүү эрсдэл хохирол гарах магадлалтайг харуулж байна. Тиймээс дараа дараагийн хөтөлбөрт гарч болох муу эрсдлээс урьдчилан сэргийлэхийн тулд энэ асуудлыг олон нийт марталгүй байж, хариуцлага тооцохыг шаардах ёстой гэж цөөнгүй иргэд үзэж байгаа юм. Эс тэгвээс ийм байдлаар мөнгө олж болохыг мэдэрсэн компаниуд ирэх жил улам олширч, үүнээс ч олон оюутнууд хамрагдаж, замбараагүй, хяналтгүй байдлын улмаас оюутны амь нас эрсдэж, хүний наймааны золиос, хүчирхийллийн хохирогч болох эрсдэл байсаар байна.
Соёлын солилцооны хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй оюутнууд цаашид юунд анхаарах шаардлагатай вэ? Хөтөлбөрийн хүрээнд АНУ-д очоод хохирсон оюутнуудад санаа зовнисон Америкт байгаа монголчууд тэдний нөхцөл байдалтай танилцаж ирээд дээрх баримтуудыг бидэнд илгээсэн юм. Тэд мөн оюутнуудтай уулзаж, байр байдалтай нь танилцахын өмнө АНУ-д суугаа Монголын ЭСЯ-нд хандаж асуудлыг танилцуулснаар, хүчээ нэгтгэн оюутнуудын амьдарч байгаа хэд хэдэн хотоор аялжээ. Аяллын дараа тэд ЭСЯ дээр уулзаж баримтуудаа нэгтгэн хэлэлцэж, энэ хөтөлбөрийн алдаатай зүйлүүд дээр анхаарлаа хандуулж ажиллахаар болж ажлаа эхлүүлжээ. Тэд буруутай хүмүүст хариуцлага тооцох болон хөтөлбөрийг сайжруулах талаар санал зөвлөмжөө АНУ болон Монголын холбогдох байгууллагуудад хүргүүлэхээр болоод байна. Ингээд АНУ-д хүнд байдалд орсон оюутнуудтай уулзсан Америк дахь монголчууд хөтөлбөрийг сайжруулах санал боловсруулсныг уншигчиддаа хүргэж байна.
Хөтөлбөрийг сайжруулах саналууд:
1. Энэхүү хөтөлбөрт хамрагдах монгол оюутнуудыг Монголын их дээд сургуулиудын 2-р курсээс дээш байхаар тогтоож өгөх шаардлагатай. Ийм тохиолдолд тэд ядаж асуудалд хариуцлагатай хандах чадвартай байна.
2. Хөтөлбөрт хамрагдахын тулд зуучлагчид төлж буй мөнгө 2500$-оос бага байх боломжтой. Үүнд ирэх очих зардал, визний хураамж, даатгал, ажил олж өгөх үйлчилгээ, бичиг баримттай холбоотой бусад зардлууд багтана.
3. Хөтөлбөрт хамрагдаж ажиллаж амьдрах орчин нь аль болохоор тайван эрсдэл багатай байхаар сонгох нь чухал байна. Хэрэв эрсдэлтэй орчинд сонголт хийх бол энэ тухай сайтар таниулж, эрсдэлээс хамгаалах боломжуудыг зааж өгөх хэрэгтэй.
4. Хөтөлбөрт хамрагдах оюутнуудад 2 сонголт байж болох юм. -Зуучлагч компаниар ажил олуулах -АНУ-д байгаа танил нөхөд болон хамаатан садангаараа ажил олуулах. Аль нь ч байлаа гэхэд хөтөлбөрийн чиг зорилгыг бүрэн биелүүлэх баталгаа заавал хэрэгтэй.
5. Хөтөлбөрт зуучилж буй компаниуд өөрсдөө зохих шалгуур болзлыг хангасан байх шаардлагатай бөгөөд, тэдний зүгээс оюутнуудтай хийж буй гэрээ нь хууль ёсны, аль нэгэн талын эрх ашигт бус харилцан ашигтай байх нөхцлөөр хянагдаж байх.
6. Хөтөлбөрт хамрагдсан оюутнууддаа ямар ч тохиолдолд гарч болох эрсдэлээс хамгаалах болон шаардлагатай бүх мэдээллээр хангаж, зохих сургалт явуулж бэлтгэлийг сайтар хангуулж байх нь хэрэгтэй байна.
7. Хөтөлбөрт хамрагдсан оюутнуудтай холбоотой мэдээлэл болон хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж, шаардлагатай үед тусламж, зөвлөгөө өгдөг хяналтын тогтолцоо заавал хэрэгтэй байна.
8. Энэ хөтөлбөрт зуучлагч болон зуучлуулагчид аль аль нь сэтгэл хангалуун сайн үр дүнтэй байх нь хамгаас чухал бөгөөд үүнийхээ төлөө хаа хаанаа анхаарал тавьж хариуцлагаа шударгаар хүлээж байх шаардлагатай.
Л.Ариун-Учрал shuud.mn
|