Луу
22
2012

Шинэ Мэдээ

Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржтой НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн утсаар ярив

article thumbnail  Бан Ги Мүн : Сайн байна уу, Эрхэм Ерөнхийлөгч өө.Цахиагийн Элбэгдорж: Эрхэм Ерөнхий нарийн бичгийн...
+ Full Story

Фото Агшин

la_cultday_2011_shinee_021

Бүртгэл

ТА ХОЛБОГДООГҮЙ БАЙНА.

Холбогдсон ...

Холбоотой хэрэглэгч алга
Сайтад: 48 зочид холбоотой байна

Програмууд

Галиглах
Хэмжээ



Шаардлагатай

Get Firefox

 Хурдан, гацалтгүй  бас аюулгүй интернетээр аялахын тулд Firefox хэрэглээрэй.

Манай сайтыг Firefox-оор үзэхэд тохиромжтой!

Танд зарим Киног үзэхэд DivX шаардлагатай!

Цуврал кинонууд үзэхэд RealPlayer  суулгаарай! Зааврыг энд дарж үзнэ үү!

 

 

Mongolia Sites - Website Ranking
Монголын шилдэг ТОП вэб сайтууд.
Tsahim.net Topsites List
Лос Анжелесийн Тэмдэглэл 7 - Олон Хэлийн Хүмүүсийн Орон гэрт Хэвлэ Имэйл
(2 үнэлгээ)
Бичсэн: Administrator   
2011-03-07, Даваа

 Image

Энэ дэлхийн  зүг бүрээс Лос Анжелесийг зорин ирэгсдийн хүсэл, мөрөөдөл,  гуниг цөхрөл,  шорвог хөлс,   аз жаргалтай амьдралын  төлөө өгсөн халуун амиар  түүх бичигдсэн байна.  Олдсон зоос бүрийн үнэ цэнэ, баяжсан, хөлжсөн бахархал,   эд баялагын төлөөх элдэв аргат тэмцэл, алаан тулаан, бүтээн байгуулсан  гайхамшиг, бас өгөөмөр сэтгэл хотын  хана унь, багана тулгуур болжээ.  Өөр өөр үнэлэмж,  үзэл бодол, итгэл бишрэл, ёс заншилтэй зүс бүрийн хүмүүсийг дээвэрлэх орон гэр  “Лос Анжелес”ынханы  амьдралаас өгүүлэн дүгнэж,  тэмдэглэлээ цэглэе.

 

Эзгүй  газарт  ирэгсэд   Испаний Калифорний Амбан захирагч  Фелипе де Неве Индианы суурингийн ойролцоох голын эзгүй тохойд  суурин байгуулах газар сонгоод зогсож байхдаа, 1781 оны намрын халуун өдөр суурингийн  шав тавьж,  захирагчийн батламж үйлдэхдээ  өнөөдрийн  түм түжигнэсэн их хотын тухай  төсөөлөөгүй ч  өөрийнхөө үед буянтай сайхан үйл бүтээж байгаагаа мэдэрч л байсан даа.  Эзгүй  газар хот  босгохоор ирсэн  анхны 11 гэр бүлийнхэн  эл хуль, шинэ нутгийг юугаар дүүргэх вэ гэж  цөхөрсөн ч бил үү. Тэдний ихэнх нь  шинэ нутагтаа дасалгүй буцаж,  4 гэр бүл  бууриа сахиж  сууриа тавьсаар үлдсэн гэнэ. Хотын тулгыг тулж, галыг асаасан гавъяат 44 хүний  нэр ус түүх номд бичигдэн үлдсэн байдаг юм билээ.    

Харин хотын анхны оршин суугч тэр хүмүүс Индиан, Испани холилдсон эрлийз, хурлийзууд  байсан төдийгүй тэдний дунд  хоёр ч  хар арьстаны мах цусны тасархай  байсан гэнэ.  Өөрөөр хэлбэл энэ хотынхон эхнээсээ л холилдсон цус, ахуй соёл,  аж  амьдралын нийлбэр байж.  

Хотын  суурь  тавигсад.  Өмнөд Калифорнид  анхлан ирсэн цагаачид,  хот бүтээн босгогчдын тухай  Реми Надеун  “City makers” гэж номдоо тодорхойлж бичсэн  байдаг. Хот босгох зүг чиг заагчид бол  энэ нутагт цагаачлан ирж, арилжаа худалдаагаар хөлжиж, Мехсикүүдээс  томоохон газар худалдан авч,  нэгэн үе энэ нутгийн бодлогыг тодорхойлж байсан  Жон Темпле,   Авел Стеарнс нар юм.  Жүржийн  мод тарьж, жүржийн  тариалалт, худалдаа арилжаагаар Лос Анжелесийг  Нэгдсэн Улсад анхлан таниулж,  өмнөд Калифорний газар тариалан эрхлэгчийн нийгэмлэгийг үүсгэн  байгуулсан  Уолфшил  энэ хотын анхдагч нэг тулгуур.    Усан үзэм тариалж, анхлан  дарс үйлдэрлэсэн  франц эр  Люис Вигнес бол яах аргагүй анхны үйлдвэрийн шанг татагч. Холыг ойртуулж Лос Анжелесийг  бусад  газартай холбон  морь, луус тэрэг, тэмээгээр  тээвэр хийж эхэлсэн аянчнаас  бүхэл бүтэн боомт байгуулсан  Вэннинг,  Лос Анжелест урьд өмнө байгаагүй  конторын барилгууд босгосон Надеун нарын гаргасан замыг хэн ч үгүйсгэхгүй.  Үүргэвч эмтэй  Лос Анжелест буусан  эмийн санчаас усан боомтын хамтран босгогч, газрын эзэн,   банкний эзэн, Калифорни мужийн захирагч   болсон Доуни,  газрын худалдааны зууч хийж хөлжөөд анхны судалгаа шинжилгээний их сургуулийг өөрийн хөрөнгө хандиваараа үндэслэн  байгуулж,  жижиг суурингийн бохир боолхойг  тэмдэглэж явсан худалдаачин эрээс  хотын анхны нийтийн тээврийг үүсгэн  хөгжүүлсэн   хуульч, шүүгч, нийгмийн зүтгэлтэн Уидни, Мехсикийн Калифорний захирагч асан  Пио Пико   нарын газрын эздийн идэвхитэй оролцоонд тулгуурлан  хот босчээ.  Энэ нутгийн  хямд газрыг  авч  хэдэн  мянгаар тоологдох  орон сууц барьж чулуу болгосон капиталист Бюдри,   усгүй бол амьдралгүй  гэх саадыг гэтлэн шийдсэн инженер Мүүлхоланд,  ойр орчныг холбосон төмөр замын сүлжээ  татсан  Хантингтон нарын оролцоогүй  хотын суурь  хэлтгий болох байсан биз.   Лос Анжелес хот бий болоход  Ирланд гаралтай  хүмүүс түүчээлэн  Нью Үорк  бизнесмэнүүд,  Мисоури  мужийн нүүдэлчид,   Христийн шашины олон урсгалынхан,  Герман,  Франц, Итали, Хятад   цагаачид өөр өөрийн хувь нэмрээ оруулсан юм.  

Олон мянган  хүний  оролцоо,   бизнесийн өрсөлдөөнөөр тэтгэгдэж, эд баялагтай  болох ирээдүйд итгэсэн  зүтгэлээр өндөрсөн Лос Анжелес хэмээх их хотын суурь баттай тавигдсан байна.  Хотын суурийг тавигдсдын нэг нь дэрнийхээ чулуун дээр  “Лос Анжелес нутагт дэлхийн  том хот  бий болно” гэсэн итгэлээ бичүүлсэн гэдэг.   Үнэхээр тэд чимээ шуугиант амьдралыг  зөгнөн мөрөөдөж, тэдний  мөрөөдөлийн биелэл болон  өнгө алагласан өнөөгийн хот байгуулагджээ.

Оддын нутаг, Олимпын хот  Лос Анжелесийн зургаан хүн тутмын нэг нь урлаг, соёлын  байгууллагад ажилладаг ба “Stevens Institute”-ийн  тодорхойлсноор “хүмүүний соёл иргэншлийн түүхэнд хамгийн олон жүжигчид, зохиолчид, зураачид, кино үйлдвэрлэгчид, бүжигчид, хөгжимчид  нэгэн дор ажиллаж,  амьдарч байгаа нь”  энэ гэнэ.

“Hollywood”  гэгч  бичигтэй уул,  олон хүний нэр хөлөөр дэвссэн гудамж, театр, музей, баар, ресторан, дэлгүүр мухлаг үргэлжилсэн томоос том, уртаас урт өргөн чөлөө.  Харин  дэлгээд харвал энэ уулын орчин тойрон,  ер нь Лос Анжелес тэр чигээрээ энтертайментийн үйлдвэрлэл.  “Бүх урлагын дотроос хамгийн чухал нь кино урлаг”  гэж нэгэн сартваахи хэлсэн.  Түүх амилуулж, хүмүүний  хайр дурлал, баяр хөөр, зовлон  бэрхшээл, гашуун нулимс,  гэрэл сүүдэртэй  амьдралыг мөнхөлж, ирээдүйг, бүр  харь  ертөнцийг  бүтээн дүрслэж  тайз дэлгэцнээ,  та бидний  орон гэрт авчирч байдаг кино, дуу хөгжим, телевизийн  бичил студиэс хэдэн  гудамж дамжин байрлах нэр цуутай  үйлдвэр,  павилон,  театр, урлагын сургуулиуд  энэ хотод төвлөрдөг.

Лос Анжелест хаа сайгүй кино зураг авч байхтай тааралдана.  Киноны нэгэн зураг авалтыг ажиглахад  цагдаагийн хамгаалагч, гэрэлтүүлэгч, цахилгаачнаас эхлээд  хэдэн арван хүн,  цахилгаан үүсгүүр, хоолны бүхээгтэй тэрэгнээс аваад гудамж дүүрэн машин техник хөглөрүүлээд  нэг хоёрхон үйлдэл хөдөлгөөн дээр хэдэн цаг ажилладаг юм билээ.   Энэчлэн  дуу, дүрс, хөгжим, зураг, барилгын гээд   төрөл бүрийн мэргэжлийн багуудын  оролцооны  үр дүн болон  нэгэн бүтээл төрдөг биз ээ.  Тэдний бүтээлийн  хувь заяа буцалсан өрсөлдөөн, үзэгчдийн болон мэргэжлийнхэний шалгуурт шүүгдэж Холливүүд гудамжны  “KODAK” театраас  Америкийн кино урлагын  Академийн  “Oscar” алтан хүн атгаж,  Хотын төвийн соёл, урлагын өргөө  “Staples center”-т Америкийн Хөгжмийн  “Grammy”  пянз гардаж,  “Beverly Hilton”  зочид буудлаас  Америкийн Телевизийн урлагын  далавчтай бүсгүй  “Emmy”-г тэвэрч,  урлагын одод Лос Анжелест төрдөг.   Энд  Америкийн  киноны түүхэн дэх  хамгийн агуу жүжигчин   Хампрэ Бөгарт,  Катерайн  Хэпбүрн нарын  авъяас шагшигдан мөнхөрч,  бидний сайн мэдэх том гуталт Чарли Чаплин  жүжиглэж, Уолт Диснеи эгдүүтэй хулганыхаа хөдөлгөөнийг зурж,  алдарт Мэрлин Монрое   хормойгоо дэрвүүлэн дуулж,   Майкл Жэксон   мандан бадарч,  олныг уйлуулж,  шуугиулсаар  төгссөн.   Америкийн агуу ерөнхийлөгч  Рональд Рейган нэвтрүүлэг хөтөлж,  кинонд тоглож, жүжигчдийн хөдөлмөрийн байгууллагын  удирдагчаас  их гүрний удирдагч болох улс төрийн  замналаа эхэлсэн бол   булчинтай  цагаач Шварцнегр  “Би эргэж ирнэ”  гэж алхана.  Стивэн Спилбэрг,  Дон Симпсон,  Жорж Лүкас,  Жэмс  Камерон гээд киноны алдартай удирдагчид шуугиан тарьж,   Casablanca..,  Singin' in the Rain.., The Good, the Bad and the Ugly.., A Space Odyssey.., The Godfather.., Apocalypse Now.., Schindler’s List  мэт шилээвэр бүтээлүүд амилсан  байна. Бас  Анжелина Жоли, Леонардо Дикэприо, Женифер Энистон,  Тура Бэнкс, Дора Бирч гээд олон  алдартны унасан газар,  угаасан ус  энд болой.      

Хүн төрлөхтний  эв нэгдлийн бэлэгдэл зуны олимпын тоглолтыг  хоёронтоо зохион байгуулж дэлхийн  спортын оддыг цуглуулсан  газар даяарт  гарын таван хуруунд багтам цөөхөн. Тэгвэл АНУ-д дөрвөн удаа зуны олимпын тоглолт зохиогдсны  хоёр нь  Лос Анжелест   болжээ.    1932 онд тус хотод  болсон зуны  Олимпын тоглолтонд дэлхийн  37 орны  1332 тамирчин  спортын 14 төрөлд өрсөлдсөн бол  1984 оны Лос Анжелесийн  олимпын  тоглолтонд дэлхийн 140 орны  6829 тамирчин  спортын  23 төрлөөр өрсөлдсөн байна. Харамсалтай нь Монголчууд бид  хоёр их гүрний үзэл суртлын дайнаас болж оролцоогүй өнжсөн.   1984 оны зуны олимпын тоглолтонд бэлтгэн  Лос Анжелес өнгө үзэмжээ засч,  тэнгэр баганадсан өндөр барилга, хурдны  замууд барьж, олон улсын нисэх буудлаа  өргөтгөжээ.  Мөн   Los Angeles Memorial Coliseum болон Memorial Sports  Arena, Dodgers Stadium-ын өргөтгөл зэрэг томоохон  спортын цогцолбор  Лос Анжелес дахь Калифорний Их сургууль,  Өмнөд Калифорний их сургууль зэрэг олон их сургуулийн спортын  заал танхим, спортын байгууламж баригдан Лос Анжелесчуудад үлджээ.    

Аль 1880 оны  Лос Анжелесчүүдийн хамгийн дуртай тоглоом Сагсан бөмбөг байсан гэдэг. Тэгвэл  Лос Анжелесийн  сагсан бөмбөгийн “Lakers”   багийнхан   гайхамшигт тоглолтоороо  энэ спортыг сонирхогч  сая сая хүний анхаарлын төвд  байж, дэлхий нийтэд энэ спортоо, хотоо алдаршуулж байдаг одод билээ.  Тус багийнхан  Америкийн Үндэсний  Сагсан бөмбөгийн холбооны  лигийн тоглолтыг  17 удаа тэргүүлснээс сүүлийн 10 жилийн  дотор таван удаа аваргалсан байдаг.  Тэгвэл 100 гаруй жилийн түүхтэй,  дэлхийн 6 удаагийн, Америкийн Үндэсний лигийн  21 удаагийн аварга бейсбаллийн баг  “ Dodgers”-ийн орон гэр   нь Лос Анжелес.   Өмнөд Калифорний Их сургууль (USC),  Лос Анжелес дахь Калифорний Их сургуулийн  (UCLA)  спортын багийнхан   Лос Анжелесийн төдийгүй Нэгдсэн Улсын  спортын хөгжилд  хувь нэмрээ оруулсан  алдартнууд.   Олимпийн түүхийн  100 гаруй жилд зөвхөн Лос Анжелесийн “USC Trojans”  их сургуулийн  багаас  шалгаран оролцсон  тамирчид  121 алт, 74 мөнгө,  60 хүрэл медаль хүртсэн байдгийг гайхамшиг гэхээс  яах вэ. Лос Анжелес бүхний танил урлаг, спортын  оддын нутаг.      

Орон гэргүйчүүдийн нийслэл  Хотын төвийн Уолл, зүүн 7 дугаар гудамжинд  сонин хүргэж өгдөг  байв.  Тэр нь  Лос Анжелесийн цагдаагийн газрын урд талын байшин. Өглөө эрт явах бүр тэр хавийн  хэдэн гудамжинд  майхантай нь майхнаа барьчихсан, зарим нь цаасан хайрцаг дотор, бүр  явган хүний  зам дээр цаас дэвсээд  бөөн хүн унтаж байх.  Хотынхоо төвд, цагдаагийн байрныхаа хажууд  ингэж байна гэдэг  Монголоос ирээд удаагүй миний ой тойнд буудаггүйсан.  Дээр нь  Хотын захирагч  эрхэм өөрийн хотоо “Америкийн орон гэргүйчүүдийн нийслэл” гэж  радиогоор ярьсан нь  бүр алмайруулж орхиж билээ.   

Судалгаанаас харахад хүмүүс   Лос Анжелесийн хотын төвд байрлах  “Skid Row” буюу орон гэргүйчүүдийн  гудамжинд  8000 орчим хүн байгаа  нь  Нэгдсэн Улсын хэмжээндээ    “их том тоо” байна.   “Skid Row”-д хир даг болсон хувцастай, согтуу, тамхичин, гуйлгачин,  зогсоолын метр ухаж зогсох хулгайч,   амьдаараа үнэр орчихсон нэгэн, мөнхийн чалчаа,  тахир дутуу,  цэл залуухан, цал буурал,   хүүхдээ дагуулсан гэр бүл, хүүгээ дагуулсан эмэгтэй ч таарна. Тэдний   39 хувь нь хар, 29 хувь нь цагаан,  25 хувь Латин Америкаас  гаралтай  бөгөөд дундаж нас нь 43,  нийт бүртгэлтэй  орон гэргүйчүүдийн 49 хувь нь  сэтгэцийн  өвчтэй  байдаг гэнэ.  Харин Лос Анжелес тойрогт  90  орчим мянган  орон гэргүйчүүд байдаг нь  Нью Үоркийн  орон гэргүйчүүдээс  хоёр дахин их  юм. Орон гэргүй олон хүмүүс байгаа  нь цаг агаарын нэн таатай нөхцөлөөс шалтгаалдаг  гэж үздэг.         

Эрээн амьдралын  нэг бараан тал нь энэ.  Хүний дор орж ядарч явна гэдэг нийгмийн олон  факторын нөлөө хэдий ч  их хотын  амьдрал  олон хүний  сэтгэл мэдрэлийг өвчлүүлж  заримыг нь хогруугаа шидчихдэг  аж.   Сая гаруй хүнтэй  Улаанбаатарт  маань сүүлийн хориод жил илэрхий болсон  энэ үзэгдлийг манай дарга  аль талаас нь  харж үнэлдэг бол оо.    

Image“Skid Row”  их хотын амьдралын нэгэн хэсэг болохыг хүлээн зөвшөөрч хотын дарга нь  “орон гэргүйчүүдийн нийслэл” хэмээн  хотоо өргөмжилсэн биз ээ. Тэгвэл “Skid Row” –г цэвэрлэн  шилжүүлэх тухай нэгэн ярианы үеэр Лос Анжелесийн цагдаагийн дарга  хэлэхдээ  Цагдаа нар  тэднийг нүүлгэн шилжүүлж чадах ч “орон гэргүй, мэдрэлийн өвчтэй хүмүүс  “хохь”  болон  үлдэх тухай ”мэдэгдсэн нь анхаарал татна. Өөрөөр хэлбэл  нэг талаар орон гэргүйчүүдийг  хамгаалах  нэн тэргүүний  ажил ч  олон сая хүнтэй хотын амар тайван байдлыг   хангах түүнээс дутуугүйг давхар хэлсэн болов уу.  Тиймээс ч цагдаагийн газрынхаа дэргэд  “ нэг хороо цэрэгтэй тэнцэхүйц хүнд гаруудаа”  байлгадаг бололтой.   Лос Анжелесийн орон гэргүйчүүдийг наад захын нөхцөл хангасан байр, ахуйн үйлчилгээгээр хангах ажлыг  хариуцсан  “Los Angeles Homeless Services Authority” гэж бие даасан  байгууллага ажилладаг ажээ. Тэд орон гэргүйчүүдийн үйлчилгээнд  жилдээ  Холбооны  Улс, Муж, тойрог, Лос Анжелес хотоос гарган бүрдүүлдэг  сангийн 70 сая доллар зарцуулж буйн дээр  буяны болон сайн санаа, шашны их олон хөтөлбөрүүд  орон гэргүйчүүдийг асарч тойлдог   байна. 

Баячууд “Баян” ба “чинээлэг” гэж нэрлэгдэх  мөнгө, хөрөнгийн хэмжээ, шалгуурын  талаархи судалгааны  материалуудаас  харахад  хувь хүн, өрх гэрийн  олж байгаа орлого  хамгийн багадаа жилд 250 мянган доллар байх аваас энэ ангилалд арай чүү багтдаг. Гэхдээ баян гэгдэх хэмжээний орлоготой хэсгийнхэн АНУ-ын нийт хүн ам, өрх гэрийн  нэг хувийг, харин супер баячууд арав, хорин мянгад  эргэлдэх аж.  

“Forbes” сэтгүүлийн  хамгийн сүүлд гаргасан жагсаалтаас үзвэл  1,7 - 12 ,0 тэрбум долларын   хөрөнгөтэй  37  Америк тэрбумтан  Лос Анжелес орчимд амьдарч байна.  Тэдний дунд  Патрик Шионг  гэх  Их сургуулийн профессор 5 тэр бум долларын хөрөнгөөрөө нилээд дээгүүр  гарч иржээ. Хамгийн сонин нь тэр  Өмнөд Африкт төрсөн  Хятад үндэстэн, баялагын үүсвэр нь  хөх, уушигний хорт хавдрын  өвчлөлийг анагаах эм, эмчилгээний  патентийн эрх, эрдэм шинжилгээний  ажлууд байна.   

Дээр дурдсан  тэр бумтнуудынаас гадна   хэдэн саяаас хэдэн зуун саяын хөрөнгөтэй   чинээлэг Америкчүүд бол захаас аван бий.  Үржил шимт  энэ нутгаас анхлан хувь хүртсэн  Испани цэргүүдийн   үе удмынхан бол өвөг дээдсээсээ өвлөн авсан газрынхаа  үр шимээр чинээлэг амьдардаг жинхэнэ хөл хүнд баячууд.  Жишээ нь. 18 дугаар зууны  Испани цэрэг Хуан Домингүезесийн 8 дахь үеийнхэн  “Dominguez Estate Company” –ны   газар, үл хөдлөх хөрөнгийг өв залгамжлан эзэмшдэг гэнэ.  Тэдний бизнес газраасаа нефь  олборлох, газраа удаан хугацаагаар түрээслүүлэх, эдлэн газартаа  үл хөдлөх барьж  худалдаж, түрээслэдэг,  Лос Анжелесийн өмнөд хэсгийн Торансе, Инглевүүд орчмын  олон худалдааны төвүүдийг эзэмшдэг  байна.  

Аз, авъяас билэг,  өөрийн тархи, гараар  баялаг бүтээсэн  америк мөрөөдлийн эзэд олон.  Хар арьст боол  Бидди Мэсон гэгч  эмэгтэй 1850-иад онд чөлөөлөгдөн Лос Анжелест   олсон цент бүрээ хурааж багашаар газар анхлан авчээ.  1800 оны сүүлээр Лос Анжелест болсон их үерт автаагүй тэр хэсэгхэн газар нь ихэд үнэ хүрснээс улбаалан  түүний бизнес  хөгжиж дэвжиж жинхэнэ баялагын эзэн болсон түүх  байна. Олон хүн Калифорний  алтанд халуурч байхад  Бэннинг гэх  хорин настай “солиот” далайн эрэгт  үлдэж,  Лос Анжелесийн далайн боомтыг үүсгэн  хөгжүүлж  үе удмаараа жинхэнэ баян болов. Тэднээс  100 жилийн дараа  Лос Анжелест газардсан 21 настай Арнольд Шварцнэгр  хэмээх эр  “40 доллартой  түрүүвч, цээж дүүрэн мөрөөдөлтэй  ирж байсан”. Тэрээр одоо дэлхийн хэмжээний кино дэлгэцийн од,  нийгмийн  зүтгэлтэн ,   үл хөдлөх хөрөнгө,  хувьцаа, бондын гээд   олон төрлийн бизнесээс орлого олдог чинээлэг  эрхэмүүдийн нэг болсон гэнэ.        

Наранд боролсон царайтай Америк өвгөнд япон, хятадаараа дуудуулан уулзаад  элдвийг асуун ярилцаж суухуй, АНУ-ын машин үйлдвэрлэгчдийн нэгний ач, өвөөгийнхөө өвөөс  хүртсэн хувь мөнгөөрөө  орон сууцны  барилга бариулан,  түрээслэчихээд аялж явдаг тухайгаа хуучилж билээ. Далайн эрэгт байх орон сууцны  тансаг цогцолборын эзэд  “Donald Douglas”  нисэх онгоцны  компаний өв залгамжлагчид гэж байрны менежер нь хэлж байв.  Хаяахан машиныг нь барьж  хэдэн  цаас олдог байсан  нэгэн эрхэм бол  чинээлэг өв залгамжлагч байсан юм. Зар сурталчилгааны компаний захирал гэсэн нэрийн хуудастай  тэр эр ууттай  мөнгө  барьж яваад л үрдэг.    Үйлдвэр, уурхай,  газар, үл хөдлөх хөрөнгийн үе залгамжилсан  чинээлэг хүмүүс  энэ нутагт цөөнгүй ээ.   Лос Анжелес  цээж  хөндүүр шинэ баячууд,  хөл  хөндүүр  өв залгамжлагч  баячуудын  орон-хот.   

Гудамж болгон атамантай  Лос Анжелес гэмт хэргийн үүр уурхай мөн үү?  гэвэл мөн. Үүнийг эрээчигч  нэг оройхон  гэрлүүгээ алхаж явтал миний хүү шиг гурван хүү, бас нэг охин ирж  гал асуунгаа яах ийхийн зуургүй  хутга шөвгө тулгаж,  толгой, нүдрүү  хэд хэд буулгаж орхиод  компьютэр, түрүүвчийг маань аваад одож билээ, Бурхан минь.      

“Лос Анжелес таймс” сонинд мэдээлснээр  463  гэмт  бүлэглэлийн  39 мянган  гишүүд зөвхөн Лос Анжелест үйл ажиллагаа явуулдаг.  Тэр тусмаа  Мехсик гаралтай  Гангэстрүүдийн   “18th  street”,  төв Америк, Эльсалвадор гаралтайчүүдийн  “МS13” ,  хар арьст Лос Анжелесүүдийн   “Crip”,  “Blood”  бүлэглэлүүд   дөрвөөс хорь орчим мянган гишүүдтэй,  Лос Анжелес хотын  төв, өмнөд  болон зүүн хэсэгт төвлөн  ажиллаж, нэг гудамжаас  хэдэн арван  гудамж газрыг хяналтандаа байлгадаг байна.  Тэд өөрийн гэсэн  тэмдэглэгээ,  шивээстэй, хувцас гангараатай байна.  Лос Анжелес тойргийн хэмжээнд  1100 гэмт хэргийн бүлэглэлийн  90 орчим мянган гишүүд  байдаг гэнэ. Калифорний шоронгуудад  гэмт хэргийн бүлэглэлийн 100 гаруй мянган гишүүд хоригдож байгаагаас сар бүр 3 мянга  орчим нь суллагддаг тоо судалгаа байна.  2005 оны судалгаанаас харахад  гэмт хэргийн бүлэглэлүүд  Лос Анжелес хотод  76 аллага үйлдсэн,  61 удаа иргэд оршин суугчидруу гал нээсэн,  тэдний гэмт хэргийн  дам золиос болж  165 хүний амь эрсдсэн,    эд хөрөнгийн болон хүний хулгай,  дээрэм  бусад төрлийн  2 мянга орчим гэмт  үйлдсэн байна.  Тэд банкны картнаас мөнгө  хулгайлах  зэрэг  нилээд нарийн  арга ажиллагаатай гэмт хэргийг ч үйлдэх болжээ.   

Дээр дурдсан  бол  гэмт хэргийн бүлгийнхэний  үйл ажиллагааны  нэг тал нь. Харин хүүхдүүд  элсүүлж,   эрэмбэ дараатай сургадаг бөгөөд  Латин Америк болон АНУ-ийг дамнасан  хар тамхи, мансууруулах бодисын наймаа, бусад төрлийн гэмт хэргийн  сүлжээ бий болсон  нь аймшигтай.  Хүүхдийн   саваагүй занг далимдуулан  тамхи, мансууруулах бодис хэрэглүүлж  өөрсдийн үйл ажиллагаагаа сайн сайхан гэж сурталчилж  толгойд нь  суулгадаг, улмаар мансууруулах бодис  үнэгүй өгч  баттай сургадаг бололтой.  Тэгээд л  хар тамхи олж ирэхийг даалгаж дарамтлаж эхэлдэг,  хулгай дээрэм хийхийг тулгадаг байна.   Мэдээж хэрэг мансууруулах бодисын наймаачин нь өөрсдөө шүүдээ.  Бүр буу  бариулж явуулаад хүн алуулж ч магад. Иймэрхүү байдлаар гишүүнчлэлээ тэлдэг ба нэгэнт гишүүн болсон бол эргэж гарахад амаргүй  гэдэг. Гишүүнээр элссэн болон хийсэн хэрэг, үйлдлийг нь тэмдэглэн  биед нь шивээс хийдэг, өөрөөр хэлбэл  гэмт бүлэглэлийн гишүүний   хэн болохыг   биенээс нь уншиж болдог тухай  судалгаа, мөрдлөг хийдэг мэргэжилтнүүд  хэлсэн байна.   Шорон гянданд тодорхой хугацаагаар  байгаад гарсан  гангесрүүд гэмт хэргийн бүлэгтээ нэр нөлөөгөө дахин  олж авахын тулд иймэрхүү  аргаар хүрээгээ тэлдэг болохыг  “Rand”  хүрээлэнгийн  судалгаанд  дурджээ.     

Хотын албан  ёсны цахим хуудсанд "Gang Capital of America" гэж тэмдэглэсэн  байдаг.  Энэ нутагт ирсэн, суусан хэн бүхэнд болгоомж илүүдэхгүй  хэмээн  баахан нуршив.  Ялангуяа   охид, хөвгүүд, залуус онцгой анхаарч байх ёстой. Ээж, аавууд хүүхдээ  гар хурууныхаа  завсар, бугуй, уруул дотроо  шивээс хийлгэчихсэн байх вий,  цүнх савандаа шүршдэг будаг хийчихсэн явах вий, уулзаж нөхөрлөж яваа нь хэн байна гэдгийг ажиглаж байгууштай.   Түүнчлэн  гудамж, байшин сав, машин тэрэг дээр чинь  King, MS,  13,  18  гэх мэт тэмдэг хүүхэд чинь шүршиж зогсох  вий.  Энэ бол  гэмт бүлэглэлд анхлан орогсдын хийдэг ажил,  үйлдэлийн тэмдэглэгээ юм гэсэн. Зарим гэмт хэргийн бүлэг нөгөөгийнхөө хараат газар ингэж тэмдэглэж хяналтаа тэлэх оролдлого хийдэг, үүнээсээ болоод буудалцдаг,  дайтдаг,  тэдний  иймэрхүү  үйлдэлд гэмгүй яваа хүмүүс өртөх нь олонтоо  гэнэ.  

Өглөгч  хүмүүс   Ноён Грифид, түүний гэргий  Кристина  нар энэ  хотын түүхэнд  хамгийн үнэт өглөг  3 мянган акр (12.20 km/квадрат)  газрыг  1896 оны шинэ жилийн бэлэг болгон Лос Анжелесчүүдэд  барьжээ.   Эрхэм Грифид  Хотын Иргэдийн хуралд  газар бэлэглэж байгаа тухайгаа мэдэгдэхдээ “Нийтийн амрах, тайвшрах, алжаалаа тайлах газар энд байгуулах ёстой.  Бидний  бэлэг хүмүүст аз жаргал  өгч, Лос Анжелесийг цэвэрхэн, сайхан хот  болоход хувь нэмрээ оруулна   гэдэгт итгэж байна” гэсэн байдаг. Тэрээр сүүлд нэмж  Лос Анжелес голын эрэг дагуух 1000 акр газраа  бэлэглэжээ.  Одоо тэр газарт түүний нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн,  амьтны хүрээлэн, гольфийн  талбай, задгай  театр, одон орон судлалын  оргил гээд хүний  сайн сайхны төлөө бүтээн байгуулсан олон зүйл   бий болжээ.  Грифид паркийн нөлөөгөөр Лос Анжелес  хамгийн их ногоон байгууламжтай хот гэж үнэлэгддэг.       

ImageТэгвэл энэ нутагт ирж  газрын худалдаагаар хөлжсөн тухай  тэмдэглэлд хэдэнтэй  дурдсан  Уеднийн  100 мянган доллар,  300 гаруй  барилга байгууламж барих  хэмжээний  газрын  хандиваар  Лос Анжелес дахь  University   of  Southern California (USC)  1879 онд байгуулагджээ.   Энэ сургууль судалгааний чиглэлийн  нэртэй  их сургууль  болон дэлхийд өрсөлдөж байна.  Өглөг хандивыг үргэлжлүүлж тус сургуулийн хуулийн салбарын төгсөгч, оюутны  Америк хөл бөмбөгийн  багийнх нь хөгжөөн дэмжигч,  50 сая доллараар  орчин үеийн  “Galen Center” спортын танхим  бариулан саяхан  бэлэглэсэн бол   1993 онд  Энинберг  гэгч эрхэм  тус сургуулийн Сэтгүүл зүй, харилцааны салбарт 120 сая доллар бэлэглэн  өөрийн нэрээр  тус салбарыг  нэрлүүлсэн нь  томоохонд  орох  гэнэ.  

Лос Анжелес  дахь  өвөрмөц, уран гоё загвартай “Walt Disney Concert Hall” орчин үеийн концертийн  танхим 2003 оны сүүлээр нээлтээ хийсэн.  “Mickey Mouse”  зэрэг олон  хүүхэлдэйн кино,  даян дэлхийн хүүхэд бүрийн хүслэн болсон “Disney  Land”   хэмээх гайхамшигийг үндэслэгч  Уолт Диснеин  гэр бүлийнхэний санаачлага, 100 сая  долларын өглөг хандиваар энэ сайхан байгууламжийг бүтээсэн юм билээ.      

Лос Анжелесийнхан өглөгч хүмүүс. Хэдэн зуугаас хэдэн сая доллар, тэр байтугай үхэхдээ өөрийн биеэ эрдэм шинжилгээний ажилд  хандиваад явдаг хүмүүний тухай дурдвал их зай эзэлнэ байх.  Үхэхийн цагт төрсөн шигээ шалдан одохын учир ханаж цадах хязгаарт хүрсэн хэсэг нь орчин тойрныхоо, нийгмийнхээ, хүний сайн сайхны төлөө өглөгийн хур буулгаж нэрээ мөнхөлдөг  бололтой.  Тун удахгүй  “Элбэгдорж номын сан”,  “Очирбат геологийн сургууль”,   “Морин хуурын  Од(MCS) өргөө”, “Батболд  Технологийн  институт”,  “Батхүү Дүрслэх урлагын галларей”,   “Энхбаяр үндэсний цэцэрлэгт хүрээлэн” , “Сайхансамбуу Эрүүл мэндийн төв” гээд  шалгарсан манлай  Монгол хүмүүсийн өглөгөөр бүтээн босгосон  өргөө сүндэрлэнэ гэж итгэнэм. 

Амьдрал тэтгэгч эрдэнэс   Их хотын  хоймор, хаяа түшин суугаа  сая, сая хүний тулганы гал, тогооны  цайг  үл таслах  эрчим хүч, ус,  гадна дотныг холбосон зам харилцааг хотын амьдралыг тэтгэгч эрдэнэтэй зүйрлэм.  

1900-гаад оны эхээр  Лос Анжелес  хот томорч тэлэхийн хэрээр ус хүрэлцэхгүй болжээ.  Ийм байдлаас гарах арга хайн  400  гаруй километрийн холоос ус татах  зураглалыг гаргаж, уйгагүй хөөцөлдсөнийхээ дүнд Лос Анжелес хотоос олон сая долларын хөрөнгө зөвшөөруулж, гүйцэтгэлийг  удирдсан  нь  инженер Мүүлхоланд  билээ.  Тэр холоос татсан ус   1900-гаад оны эхэн үеийн  Лос Анжелесийн хэрэглээнээс  3 дахин их байсан гэдэг.  Одоо Лос Анжелесийнхан жилд 800  гаруй тэрбум литр ус хэрэглэдгийн 48 хувийг 1913 онд ашиглалтанд оруулсан  өөрийн эх үүсвэрээс,  41 хувийг нь  өмнөд Калифорний  усан хангамжийн төв системээс, үлдсэн хэсгийг нь гүний болон дахин цэвэршүүлсэн эх үүсвэрээс хангадаг байна.  Тэгвэл Анжелиночүүд жилд  7 мянга орчим мигаватт  цахилгаан  хэрэглэдэг.  Хэрэглээний  цахилгааныхаа 20 орчим хувийг   “Tehachapi” болон  “Palm springs”-ийн  салхины,  “Hoover dam”   усан эрчим хүчний үүсвэрээс  хангаж,  30 орчим хувийг өөрийн хотын цахилгаан станцаас үлдсэн хэсгийг нь Юта, Аризона, Нивада  мужаас авдаг байна.   Лос Анжелесчүүд ус, цахилгааны алдагдлыг багасгах, ус дахин боловсруулж хэрэглээг нь нэмэгдүүлэх, байгальд ээлтэй  эрчим хүчний хэрэглээгээ  5 хувиар нэмэгдүүлэх ойрын хугацааны  хөтөлбөр  хэрэгжүүлж эхэлжээ.   

Бидний тэмдэглэлд олонтой дурдагдсан Бэннинг гэгч овсгоотой эрийн  160 жилийн өмнө үүсгэн байгуулсан Лос Анжелесийн Усан боомт  контенер ачаа эргэлтээгээрээ   дэлхийн тэргүүлэгч боомтын нэг,  ялангуяа АНУ, Азийн орнуудын   худалдаа арилжааны гол хаалга  юм.   Тухайлбал. 2005 оны байдлаар  зөвхөн  Ази тивээс 120 орчим  тэрбум долларын  ачаа энэ боомтоор орж ирсэн  байна.  Усан боомтийг дагасан үйлдвэрлэл, тээврийн Riverside-Long beach  коридорт  Лос Анжелесийн орчимд бүтээж байгаа баялагын ихэнхийг  бий болгодог.  Энэ боомтод ирж байгаа  тээврийн усан онгоц, боомтоос тээвэр хийж байгаа ачааны машинуудаас гарч байгаа утаа, агаарын бохирдлыг бууруулах   олон тэрбумын  өртөгтэй төсөл хэрэгжүүлж  эхэлжээ.  Тэр агаарын бохирдол  нь манай Улаанбаатарын утааны дэргэд   ер утаагүй  мэт харагдах  ч энэ хотын хувьд  ойрын үед  шийдэх шаардлагатай  чухал асуудлын  нэг гэнэ.    

Лос Анжелесчүүд нисэх дуртай хүмүүс.   1890-ээд онд  Их сургуулийн профессорын зохион бүтээсэн  хийн баллоноор  нисч эхэлсэн байдаг.  Анхны нисэх онгоц гармагц хотдоо авчирч  18 км зайтай хоёр цэгийн хооронд  нэг доллар төлж нисч тоглодог байв.   Лос Анжелесийн метрополишин тойрогт  олон улсын 2, орон нутгийн болон цэргийн зориулалттай 10 гаруй нисэх буудлууд  байна.  Лос Анжелес хот   Олон улсын 2 нисэх онгоцны буудал  эзэмшдэг.  Түүнээс    Лос Анжелес олон улсын нисэх буудал (LAX)   жилд 60 орчим  сая зорчигчид үйлчилдэг дэлхийн 7 дахь  том нисэх буудал төдийгүй жилд  2 сая гаруй тонн  карго ачаа дамжуулдаг дэлхийн 6 дахь  агаарын ачааны боомт аж.  Дэлхийн 2 дугаар дайн, хүйтэн дайны үед  “Lockheed”, “Douglas Aircraft” компаниуд   цэргийн нисэх онгоц голлон үйлдвэрлэж,  үйлдвэрүүдийг дагасан хот суурин ч босч байв.  Одоо дээрх компаниуд “Boeing”-ийн мэдэлд очсон бөгөөд  нисэх онгоц,  сансарын нарийн  технологийн техник үйлдвэрлэдэг, зарим нь  иргэний болон цэргийн  нисэхийн сургалтын төвүүд болжээ.   

Энэ нутагт  суугаа хүмүүсийн унадаг унаа, явдаг зам нь  соёл, иргэншлийн нэг үзүүлэлт.  Лос Анжелес метрополишин тойрогт  суугаа  нэг хүнд 1.8  авто машин оногддогоороо дэлхийд тэргүүлдэг,  өдөр бүр 12 сая машин зам дээр гардаг ба тэдний хөдөлгөөний  нийт уртыг тооцвол  480 сая километр  болох, эндэхийнхэн  жилийн  4 өдрийг  зам дээр өнгөрөөдөг статистик тоо байна.   1920-иад оноос энэ нутгийн нийтийн тээврийн “Red Car” төмөр замын сүлжээ, авто машин үйлдвэрлэгчдийн хооронд бизнесийн  хүчтэй өрсөлдөөн  явагдаж  авто машины талынхан  ялав. Тэдний  шийдэх ёстой зүйл бол замын асуудал.   1930-аад оноос эхэлсэн авто  замаа сайжруулах ажил  эхэлж, дэлхийн 2 дугаар дайны дараа  эрчимжиж,   1980-аад  оноос   орчин үеийн шинж төрхөө олжээ.    

Лос Анжелес метрополишины хурдны замуудыг  ажиглахад   нийгэм соёлын төвөө дэмжих,  хурдны гол замуудаа дэмжих, усан болон агаарын боомт, худалдаа үйлдвэрлэл, аялал жуулчлалын  ирэх очих урсгалыг  тойргийнхоо хэмжээнд жигд  тараахад чиглэгдсэн  санагддаг.   Тухайлбал.  Номхон далайн эргээс  Атлантийн далайн эрэг хүрдэг (I-10), Мехсикийн хилээс  Канадын хил хүртэл үргэлжлэх (I-5)  хурдны гол замуудын трасс Лос Анжелесийн  төвд  огтолцдог.  Тэгвэл   I-5 хурдны замын чиглэлд  орон нутгийн  405,  110, 170, 710, 605, 57, 55 дугаар хурдны замууд,  I-10 хурдны замын чиглэлд  22, 91, 60, 134, 210 дугаар хурдны замууд  метрополишн тойргийн босоо хэвтээ  чиглэлд  явж эцсийн дүндээ  дурдсан хоёр гол замдаа  нийлдэг юм.  Ийм  хөдөлгөөнийг  урсгаж  байдаг гудамж,  замын  зохицуулалт  нь бас л гайхамшигтай. Хурдны замын томоохон уулзваруудыг   тав зургаан давхар найруулгатай хийснийг нь хараад  Улаанбаатрынхаа  Гурвалжингийн гүүр, Баян бүрдийн уулзвар, Зүүн, баруун дөрвөн замыг  ч болохноо  нэг, хоёр  давхар  уулзвар найруулгатай  болгохсон,  их хотын  хөдөлгөөн хэдий хурдан байна, хөгжил төдий чинээ түргэн  ирнэ гэж бодно.     

Зүүлт үг:  Хол явсан аяны хүнээс замын сонин сонсдог Монгол уламжлал бий.   “Дэлхий дээрх хүний эрүүл мэндэд хамгийн таатай  газар” гэж Лос Анжелесийн  анхны цагаачдын нэг Авел Стернсийн  үнэлсэн үзэсгэлэнт нутагт, орчин үеийн кино, энтертайнментийн нийслэл гэгддэг  их хотын амьдралд  хутгалдан явахдаа ерөөс  “хэн абугай,  хэрхэн,  яаж ийм хэмжээний  хот үүсгэн хөгжүүлдэг  юм  бол” гэж сонирхон  ном, сонин эргүүлж,  түүхийн өнцгөөс нь харж түүнийгээ цуврал  болгон танд сонирхуулах  гэсэн минь энэ.   Гэхдээ энэ нутгийн түүхээс  санаа авсан “тойм тэмдэглэл”  төдий, зүйрлэж хэлвэл дөнгөж ургаж байсан  үндэс,  нахианы хэсгийг нь  зураглан авсан  гэдгээ учирлая.    

Андрею Поллегийн   “Los Angeles from Pueble to city of the Future”  номыг гол эх сурвалжаа болгож,  МсКаулегийн  “The First Angelinos”    Роднеи  Стеинерний “Los Angeles- The  Centrifugal City”,  Реми Надеаун  “City makers”, Уаллиам Секрестийн “When the Great Spirit Died”, Роббинсоны  “Panorama”,  Д.Цолмонгийн  “Америкийн Нэгдсэн Улсын Түүх” зэрэг ном, “The California Missions”,  “Hand book of the Indians of California” зэрэг судалгааны  баримт сэлтийг ашиглаж,  Google, Yahoo хайлтаас зарим материалаа олж тэмдэглэлээ  бичив.      

Малгай тавин суугаа нутгаа танин мэдэхийг хүсч  хамт байсан, сонирхон уншсан, санал сэтгэгдлээ хэлсэн хэн бүхэнд баярлалаа.

 

Д.Бишүүгарам

Та бүхэн өмнөх хэсгүүдийг ЭНДЭЭС, ЭНДЭЭС, ЭНДЭЭС, ЭНДЭЭС, ЭНДЭЭС мөн ЭНДЭЭС уншиж болно бөгөөд төрсөн сэтгэгдэлээ хуваалцахыг хүсвэл зохиогчтой дараах хаягаар шууд харилцаарай.

Имэйл: Энэ имэйл хаяг нь spam bot-оос хамгаалагдсан бөгөөд үзэхийн тулд Javascript-ийг зөвшөөрөх хэрэгтэй

 

 




Сэтгэгдэл (5)
1. Бичсэн zochin - 2011-03-21 07:05 - Зочин
 
 
goy medeelel bna. thank you
 
2. Бичсэн Anga - 2011-03-10 21:13 - Зочин
 
 
Bayarlalaa medekhgui olon saikhan sonirkholtoi zuil unshlaa. Tsaashdaa mun urgeljluuleerei. Khuleej suuna shuu. Uran buteeliin undur amjilt khusie. Tsuvraluud niileed nom bolvol nomiin sandaa avna shuu. Bayarlalaa dakhin.
 
3. Бичсэн zochin - 2011-03-07 12:37 - Зочин
 
 
"nokia" theater ni hollywood-d bish staples center -n hajuud bgaa
 
4. Бичсэн zochin - 2011-03-07 12:29 - Зочин
 
 
ih yum medej avlaa bayarallaa.Холливүүд гудамжны “NOKIA” театраас bish \"KODAK\" geh gesen bailgui dee
 
5. Бичсэн mn - 2011-03-07 12:01 - Зочин
 
 
Thank you.
 

Сэтгэгдэл Бичих
Нэр:
BBCode:Web AddressEmail AddressBold TextItalic TextUnderlined TextQuoteCodeOpen ListList ItemClose List
Сэтгэгдэл:



Түлхүүр:* Code

Шинэчлэгдсэн огноо ( 2011-03-29, Мягмар )
 
< өмнөх   дараах >

Сэтгэгдэлүүд

Зурхай: ЖИЛVVДИЙН ЭР, ЭМИЙН ЗОХИЛДОЛГОО
namaig bs tohirohgvi gsen bn tehdee bid 2 hanilaad 7 jil bolj bn odo harin ch, neg hvn shig barag ...
2012 05 22/ 20:08 цааш...

Зурхай: ЖИЛVVДИЙН ЭР, ЭМИЙН ЗОХИЛДОЛГОО
namaig bs tohirohgvi gsen bn tehdee bid 2 hanilaad 7 jil bolj bn odo harin ch, neg hvn shig barag ...
2012 05 22/ 20:08 цааш...

МОНГОЛ СОЁЛЫН ТӨВ - ӨНГӨРСӨН НЭГ ЖИЛД
All people deserve wealthy life time and mortgage loans or just bank loan can make it better. Just b...
2012 05 22/ 10:08 цааш...

Манай улсын иргэд Хонконгд хар тамхины хэргээр баригд...
uynslzbr [url=http://paydayloanslkc.co.uk/]Payday advance[/url] EYftj [url=http://paydayloanslkc.com...
2012 05 22/ 07:02 цааш...

Гадаад дахь Монгол судлалын хамгийн чухал үйл ажиллаг...
zwxmnt [url=http://paydayloanslkc.com/]personal loans[/url] =-] [url=http://paydayloanslkc.ca/]no fa...
2012 05 22/ 07:01 цааш...

АНУ дахь Монголчуудын тухай ийн өгүүлжээ
ceglvcrt [url=http://paydayloanslkc.co.uk/]online payday[/url] BzXKh [url=http://paydayloanslkc.com/...
2012 05 22/ 06:22 цааш...

Зурхай: Vхэр жилд биднийг юу хvлээж байна вэ?
pnaqow [url=http://paydayloanslkc.co.uk/]pounds till payday[/url] vazEG [url=http://paydayloanslkc.c...
2012 05 22/ 06:09 цааш...

Д. Чойжилжав: Эрүүл энхийн түмэн жаргалан, ажил хөдөлмө...
ladkroyd [url=http://paydayloanslkc.co.uk/]payday loans[/url] =-] [url=http://paydayloanslkc.com/]pa...
2012 05 22/ 06:06 цааш...

Монголын сайхан охид (25 зураг)
zarim ni dajgvi l yum gehde medremjgvi yum shigee goyo poz ch bhkv hench gertei iim zurag dariishde ...
2012 05 22/ 00:48 цааш...

2012 оны 4 сарын 22-ны Лос Анжелес дахь Монголчуудын Холбо...
Chono boroonoor gegcheer ene teneg xujaa xuuxen xyrlaa mash olon zyiltei sanaataigaar dabxstuulj xii...
2012 05 21/ 20:12 цааш...

ШИНЭ ҮЕИЙНХЭН - Баярсайханы Халиунаа
Юуны өмнө энэ сайхан ярилцлагыг хийж монголчууддаа Ба...
2012 05 21/ 14:24 цааш...

2012 оны 4 сарын 22-ны Лос Анжелес дахь Монголчуудын Холбо...
Ямарч нэр ус, хаяг алга. Хэдэн хүн ирж оролцсон бэ, хэн г...
2012 05 21/ 13:43 цааш...

Cолонгос оронд ирээд мэдэж авсан зүйлс
uavicji [url=http://paydayloanslks.ca/]payday loan Alberta[/url] PHCTxh [url=http://paydayloanslks.c...
2012 05 21/ 13:37 цааш...

Д. Чойжилжав: Эрүүл энхийн түмэн жаргалан, ажил хөдөлмө...
echgtb [url=http://paydayloanslks.co.uk/]short term loan[/url] pEYuRj [url=http://carinsurancequotes...
2012 05 21/ 13:35 цааш...

Б.Лхагвасүрэн: Хүүхдүүдээ том болтол хүнтэй суухгүй
qhixqelk [url=http://paydayloanslks.com/]payday loans[/url] IiMZfj [url=http://paydayloanslks.co.uk/...
2012 05 21/ 13:28 цааш...

Нийтлэлүүдийн Гарчиг

Ханшийн Мэдээ