|
Хүн төрөлхтнийг сая саяар нь залгиж буй хар тахлын салхинд монголчууд аль эрт нэрвэгдэж өдгөө хэдэн арван хүн мансуурч, тээвэрлэгч, худалдагч, зуучлагчдын тоо өдөр ирэх тутам нэмэгдсээр байна. Түүнчлэн хятадад гэхэд сүүлийн таван жилд найман монгол эмэгтэй мансууруулах бодисын улмаас ял эдэлж буй. Хилийн дээс алхсан охид эмэгтэйчүүд бусдад уруу татагдан мансуурч, бохир наймааны золиос болох, хүний наймаанд өртсөн баримт хэвлэл мэдээллийн хэрэгслээр шил шилээ даран гарах болоод удлаа. Манай сайт Бээжинд “Magic” гэх шөнийн цэнгээний газарт ажиллаж байсан Ганаа буюу Зулзага хочтой охинтой ярилцлаа. Тэрбээр өнгөрсөн жилээс “Нэг санаа” төрийн бус байгууллагаас хэрэгжүүлсэн ХДХВ/БЗДХ-аас урьдчилан сэргийлэх төсөлд хамтран ажиллаж байгаа аж.
- Бээжинд яагаад анх очих болсон юм бэ? - Одоогоос таван жилийн өмнө буюу 2006 оны намар “Өндөр цалинтай ажилд шалгаруулж авна” гэсэн зарыг сонин дээрээс хараад холбогдох утсаар яриад хоёр найзын хамт очиж уулзсан л даа. Гэтэл нэг монгол хүүхэн, 30 гаруй настай гадаад эрэгтэй байсан. Тухайн үед тэр эрэгтэйг бид гурав хятад хүн гэж бодоогүй. Бүгд л англиар хоорондоо ярьж байв. Тэд анх хэлэхдээ “Бээжинд Филиппин эзэнтэй дээд зэрэглэлийн ресторан байдаг. Сарын цалин нь 3000 юань, зургаан сарын хугацаатай гэрээ хийнэ” гээд л их үнэмшилтэй ярьсан л даа. Тэгэхээр нь манай найзууд ярилцаад явахаар шийдэж гэрийхэндээ ч хэлэхгүй дагаад явсан. Бээжинд очиход байдал тэс өөрөөр угтсан. Бээжингийн монголчууд амьдардаг “Хуа жа ди “ дүүрэгт хуучны таван давхарын гурван өрөө байранд биднийг байрлуулж, тэр өдөртөө амрааж, маргаашнаас гадаад паспорт хурааж аваад л хэд хэдэн хятад залуугаар мануулах болсон. Оройноос нь “Hollewood” гэх шөнийн цэнгээний газарт дагуулж аваачин эрчүүдэд жуучилж эхэлсэн. Тэр өдрөөс л бид гурвын тамтай ажил эхэлсэн шүү дээ. Хүний нутагт зүг чигээ ч мэдэхгүй, хэл усгүй дээшээ тэнгэр хол гэгчээр ёстой газар алгадсан л даа. Жоохон эвгүй харьцах юм бол бид зодуулдаг байв.
- Өөрөөс тань гадна хэдэн охин байв. Зугтаах боломж байгаагүй юу? - Биднээс гадна хоёр охин байсан. Бүгд царай зүс сайтай. Тэр хоёр бид гурваас яг нэг сарын өмнө ирчихсэн байсан болохоор хүний наймааны золиос болсон шүү гэдгийг шууд бидэнд ойлгуулсан. Гол нь эвтэй байж эндээс зугтах арга сүвэгчлэх хэрэгтэй гээд л бараг дохиогоор хоорондоо ярилцана. Нөгөө ажлын газарт очихоор бид нэг нэг дагуултай болчихдог болохоор ярих ч боломж байхгүй. Гэтэл арав гаруй хоногийн дараа биднийг анх авчирдаг хятад эрэгтэй монгол руу охид хуурч авчрахаар дахиж яваад Улаанбаатарт баригдчихсан. Бид хэд ч бөөн баяр болоод, хятадын цагдаа нар тэдний хамсаатныг хайгаад бидний амьдарч байсан хорооллоор нэг цагдаа бүсэлчихсэн. Нөгөө найзууд нь ч зугтаагаад алга болсон. Тэгээд бид тав нөгөө байрандаа үлдэж, бичиг баримт байхгүй учраас мөнгө олно гээд сурсан газартаа очдог юм байгаа биздээ. Түүнээс хойш гэртээ ч харьсан юмгүй нэг мэдэхэд л тэнд жил амьдарчихсан байлаа. Сүүлдээ мөнгө олох нь сайхан санагдаж, орос охидтой нойлын өрөөнд хар тамхи татаж үзээд бүх зүйл сайхан юм шиг санагдаж ёстой буруу замаар будаа тээж эхэлсэн нь тэр.
- Тэнд хэдэн монгол эмэгтэй амьдардаг вэ. Бүгд биеэ үнэлэх үү. Зарим нь ажил хийх үү? - Хүн ам ихтэй хятадад өөрийн иргэдээ ажлын байраар хангаж чадахгүй байхад юун монголчууд тэнд ажил хийх. Тэрэн шиг худал зүйл байхгүй. Манай охидууд гэрийхэндээ худлаа хэлээд л явдаг байсан юм байгаа юм. Одоо бол аав ээжүүд ч итгэхгүй л дээ. Бээжинд хоёр томоохон шөнийн цэнгээний газар бий. Нэг бол ази эрчүүд оруулдаггүй “Magic” гэдэг нэртэй газар. Тэнд ойролцоогоор 150 гаруй монгол эмэгтэй байнга үйлчлүүлдэг. Дээрх шөнийн цэнгээний газарт ихэвчлэн 30-50 орчим наснынхан орно. Хөгшчүүл нь гэсэн үг л дээ. Харин хятадуудын үйлчлүүлдэг “ Hollewood” –д болохоор орос хүүхнүүд монгол охидууд орно. Ханшийн хувьд нэг ажил хийхэд 800-1200 юань, хоногоор бол 150-200 ам.доллар. Гэхдээ тэнд зарлага өндөр болохоор такси, хоол, байрны түрээсэнд их мөнгө төлнө. Мөнгө хураана гэж байхгүй. Бас л өдөр хоног өнгөрөөж зугаацсан байдалтай. Унтаж идэх,сайхан хувцас худалдаж авахаас өөр ямар ч амьдралын зорилго байхгүй. Ёстой харанхуй далд ертөнц рүү өөрийн эрхгүй хөл хальтарсан нь тэр.
- Тэндхийн монгол эмэгтэйчүүд эрүүл мэндийн үзлэгт орох уу, ДОХ –ын шинжилгээ өгдөг үү? - Хятадуудын үйлчлүүлдэг шөнийн цэнгээний газарт ордог охидууд бол эмчид үзүүлэх нь цөөн. Бараг л хэвтэрт орсон, хавсарсан өвчтэй болохоороо эмчид хандана. Эсвэл өөрсдөө эмчилгээ хийж байна гээд өвчнөө хүндрүүлдэг. Тэнд Б гэдэг их эмч мэргэжилтэй монгол эгч байсан юм. Одоо ч хүний гарт амь үрэгдсэн л дээ. Б эгчид л хүүхнүүд очиж үзүүлдэг байлаа. Харин “Magic”-д ордог эгч нар бол биедээ арчаатай. Байнга эмнэлгээр явна. Үзлэг шинжилгээ өгнө.
- Хамгийн бага нь хэдэн настай охин байсан бэ? - Арван жилийн охидууд амралтаа ирдэг болсон гэсэн. Би 2009 оноос хойш Бээжин яваагүй. Австрали залуутай суугаад нэг хүү төрүүлсэн. Бид одоо хамтдаа амьдарч байна. Надтай хамт очсон охидын нэг нь одоо хүртэл тэнд амьдарч байгаа. Хаяа утсаар ярьдаг юм. Нэлээд архинд орсон гэсэн. Зарим эмэгтэйчүүд ч хар тамхи хэрэглээд тэрэндээ л хамаг мөнгөө зараад амьдардаг болсон юм шиг байна лээ.
- Өөрөө мансуурч байв уу? - Бээжингийн харуудын гудамжинд очиж мансуураагүй, бүжиглээгүй охид, хүүхнүүд байхгүй байх аа. Би долоо хоногт гэхэд л нэг найзуутайгаа тэнд очдог байсан. Харууд тариагаар хэрэглэнэ. Бид үнэрлээд эсвэл толгой сэгсэрдэг эм уудаг байсан. Одоо бодоход аймаар санагдаж байна. Харин монгол охид хар залуустай явдаггүй.Тэд мөнгө ч байхгүй. Наргиад л бол оо.
- Үйлчлүүлэгчдээ зодуулж байсан уу. Ер нь янз бүрийн асуудал байнга тохиолдоно биз дээ? - Хятадуудын ордог шөнийн цэнгээний газарт ороод нэг удаа хэвтэрт ортлоо зодуулж байсан би. Ер нь зодуур үзээгүй хүүхнүүд ч гэж байхгүй байх. Эмэгтэйчүүд нь хэлмэрч гэсэн нэр зүүсэн өвөрмонголчуудад хэдэн төгрөг атгуулж муудалцсан нутаг нэгтнээ зодуулах тохиолдол цөөнгүй. Түүнээс гадна тэнд амьдардаг монгол хүүхнүүд Шинжаан үндэстнүүдээс хүүтэй мөнгө зээлээд өрөнд орно. Шинжаанууд их шуналтай 10.000 юань зээлдүүлчихээд өдөрт 300-500 юанийн хүү авна. Хэрэв хүүгээ өдөр бүр өгөхгүй бол нэг дахин нэмэгдэнэ. Тэгээд ирэхээр нь хүүхнүүд өрөнд ороод сүйрч байгаа юм. Монгол охидуудад хэлэхэд биеэ үнэлээд мөнгө хурааж сайхан амьдарна гэсэн мөрөөдлөө шууд хаяарай. Найзууд нэгнийгээ бүү уруу татаасай. Тэнд очсон охид бүгд л найз, эгч дүүгээ дагуулж очсон байдаг юм билээ.
Н.Бүжин shuud.mn
|