Тах
31
2014
НАЙРГААР "аархаж", ШҮЛГЭЭР "цэцэлж", УРАН ЗУРГААР "амьсгалсан өдрүүд Хэвлэ Имэйл
(5 үнэлгээ)
Бичсэн: Administrator   
2011-12-02, Баасан
Image 
 
...4 хана дугуйлсан монгол гэрийн хоймор. Хана руу буусан унины оронд хагас дугуйлан унжсан хөх дэвсгэр дээр яруу найрагч Д. Пүрэвдоржийн "Тусгаар тогтнол" шүлгээс, голын цагаан дэвсгэр дээр Б.Ренчин бичээчийн "Чихнээ чимэг болсон аялгуут сайхан Монгол хэл..." ишлэлээс , харин захын шаргал дэвсгэр дээр Д.Нацагдоржийн "Миний нутаг" шүлгээс худам монгол үсгийн яруу сайхан татлагаар өнгө донжийг хослуулан сийрүүлжээ. Тоононоо тулах мэт багана хэлбэрт дэвсгэр дээр "ТУЛГА уран үгсийн чуулган--2011 он" хэмээн монгол бичгээр сийрүүлсэн үзэгдэнэ. Энэ л монгол гэрийн хойморт "майга" хөлт модон ширээн дээр ул боовоор тавгийн идээ засч, хажууд нь домбо тавилсан үзэгдэнэ. Харин чанх голлуулсан тулганд мөнхийн гал бадамлан асах авай.
 
 
11 сарын 24 ний өдөр АНУ-ын Коларода мужийн Денвер хотноо ёслол төгөлдөр болж өнгөрсөн "ТУЛГА-уран үгсийн цэнгүүн"ий тайз засал. Энэ тайз заслын эх загварыг зураач М.Цогтсайхан "сэтгэж", Л.Мөнхтөр зураачийн хамт урд шөнөөс өглөө наран хүртэл бэлдсэн гэсэн. Алс холын Денвер хотноо монгол ахуй, монгол сэтгэлгээг бэлэгдсэн энэ л тайзан дээр сар гаруйн өмнөөс "сураг ажиг" дуулдах болсон "уран үгсийн чуулган" эхэллээ.
 

Морин хуурын аялгуут татлага, дуу хуурын уярам эгшигээр нээлтээ хийсэн энэ наадам нэгэн үдшийн сэтгэлийн цэнгэлийг бидэнд эдлүүлэв.  Энэхүү чуулганд АНУ-ын олон хотод ажиллаж амьдарч байгаа 18 уран уншигчид, яруу найраг болон үргэлжилсэн үгсийн бүтээлүүдийг өөрсдийн авьяас чадвар, оргилсон онгодоор уншин сонордуулж, энэ л орой хуран цугласан олны сэтгэлийг "хөвсөлзүүллээ".  Харин энэ наадмыг зохиолч Д.Энхболд \Чикаго\ , зураач Л.Мөнхтөр \Лос-Анжелос\ энэ наадмыг cанаачлан зохион байгуулсан яруу найрагч Ш.Лхамаа \Денвер\ нар мэргэн ухаанаар хянан шүүсэн юм.

 

Image 

 

Энэ наадам 3 даваатай явагдаж өндөрлөв.

-1-ийн даваанд оролцогчид ЯРУУ НАЙРАГ-аас уншиж өрсөлдөв.

1. Бат-Очир \Чикаго\ Ш.Гүрбазар " Би Монголоороо гоёдог"
2. Оюун \Сан-Франциско\ Ш.Гүрбазар  "Би Монголоороо гоёдог"
3. Батсүх \Лос-Анжелос\ өөрийн зохиосон  "Нүүдэлчин"
4. Отгонбаяр \Денвер\ Ш.Дулмаа  "Хүүгийн эцэгт бичсэн захидал"
5. Сосорбарам \Сан-Франциско\ Б.Лхагвасүрэн "Ээжийтэйгээ үзсэн наадам"
6. Эрдэнэбат \Денвер\  О.Дашбалбар  "Талын хөх чоно"
7. Батхишиг \Денвер\ Д.Цоодол  "Тэнэг"
8. Нарангэрэл \Денвер\ Р.Чойном  "Азийн бахархал"
9. Алтанбагана \Вашингтон ДС\ П.Бадарч "Эхийн сэтгэл"
10. Алтангэрэл \Лос-Анжелос\  Ш.Гүрбазар "Эжий танаа"
11. Хандсүрэн \Лос-Анжелос\ Д.Пүрэвдорж  "Хайлаас"
12. Энхбаатар \Сакраменто\ Б.Явуухулан  "Би хаана төрөө вэ"
13. Намуунбайгаль \Денвер\ П.Бадарч "Эхийн сэтгэл"
14. Уранчимэг \Сан-Франциско\ Ш.Гүрбазар "Би Монголоороо гоёдог"
15. Болдбаатар \Вашингтон ДС\ Б.Лхагвасүрэн  "Хэлтгий Нанзад"
16. Хишигжаргал \Денвер\ Ц.Хулан "Аавдаа"

-2-ын даваанд шалгарагсад ҮРГЭЛЖИЛСЭН ҮГ-ийн зохиолоос уншиж өрсөлдөв.

1. Алтанбагана \Вашингтон ДС\ Т.Бум-Эрдэнэ  "Би хошгорохгүй"
2. Болдбаатар \Вашингтон ДС\  Ж.Дашзэгвэ  "Чулуун гэр"
3. Отгонбаяр \Денвер\ Ж.Лхагва  "Хонзон"
4. Сосорбарам \Лос-Анжелос\  Ц.Түмэнбаяр  "Гаслан"
5. Эрдэнэбат \Денвер\  Намсрай  "Жамухын өчил"
6. Нарангэрэл \Денвер\ өөрийн зохиосон  "Ээжийн минь маанийн эрх"
7. Энхбаатар \Сакраменто\  Б.Догмид  "Насны чагтага"
8. Намуунбайгаль \Денвер\  Ц.Хулан  "Хайрын өчил"
9. Батхишиг \Денвер\  Ж.Сарантуяа  "Хүний үр"

-3-ын даваанд тунаж үлдэгсэд ЯРУУ НАЙРАГ-аар өрсөлдөв.

1. Эрдэнэбат \Денвер\ Р. Чойном "Шүтээн"
2. Батхишиг \Денвер\ Д.Пүрэвдорж  "Буурай эмээ"
3. Отгонбаяр \Денвер\ Ш.Гүрбазар "Орчлонгийн дутуу"
4. Энхбаатар \Сакраменто\ Б.Лхагвасүрэн "Эжийтэйгээ байхад"
4. Нарангэрэл \Денвер\  Р.Чойном "Хүн"

 

-Эцсийн дүн гарахад:

1-р байр Эрдэнэбат \Денвер\
2-р байр Батхишиг \Денвер\
3-р байр Нарангэрэл \Денвер\
  тус тус эзэлж шагнагдлаа.

 

Image 


Энэхүү наадамд Монголоос уригдан ирж оролцсон "Ардын уран зохиолч", "Соёлын гавьяат зүтгэлтэн" яруу найрагч П.Бадарч, МЗЭ-ийн дарга яруу найрагч Г.Мөнхцэцэг, Хүүхэлдэйн Театрын дарга яруу найрагч Ц.Хулан нар "Энэ арга хэмжээнд оролцож байгаадаа баяртай байгаагаа илэрхийлээд" тус бүр 3 бүтээлээ уншиж "мэндчилгээ" болон "талархал"-аа илэрхийллээ. Гурвын гурван "БОЛОР ЦОМ"-ын эзэд, уншигчдын уулзаж бас сонсохыг хүсдэг тэдний чин сэтгэлийн үгс болон уншсан шүлгүүд нь нутгаасаа алс хол байгаа олон монголчуудын сэтгэлийн чанад дахь уянгыг хөглөн, нүдийг чийглэн, эх нутгаа санасан сэтгэлийг "дэвтээж" өгсөн нь энэ арга хэмжээний оргил нь болов. Насны наран хэвийж яваа хэрнээ сэтгэл нь ямагт "залуугаараа" П.Бадарч гуайн хэлхсэн "9 эрдэнийн хэлхээс", бага зэрэг аалигүй төрх нь өөрт "зохидог" Ц. Хулангийн "дургүйцлээ бичсэн захидал", хэрсүү ч юм шиг хэрнээ бардамхан  Г.Мөнхцэцэгийн "яавал ч яаг" гэх омголон үгс энэ орой морилон ирсэн эрхэм зочдод, эгэл амьдрал дундах жирийн сэтгэлийг "сануулж", "зүлгэн дээр гэрээ бариад зүгээр л нэг амьдрах"-ын сайхныг "мэдрүүлж", зүрх сэтгэлийн гүн дэх нууцхан зовинол шаналлыг "зад татан" уярууллаа. Сайхан байсан. Сархдад биш яруу найрагт "согтож", Монголоороо бардамнан "омогшиж", "сайхан байна шүү" хэмээн баярласан сэтгэлээрээ бие биенээ "урамшуулж", "мундаг шүү" гэж бие биенээ "дэмжиж" байхдаа сайхан байсан.

Монголоос ирсэн эрхэм зочдоос гадна, зохиолч Д.Энхболд, яруу найрагч Х.Тэргэл, яруу найрагч, орчуулагч Ж.Оюунцэцэг нар Чикаго хотоос, яруу найрагч Н.Билгүүн Миссуригээс, яруу найрагч, утга зохиол шүүмжлэгч Я.Баатар Сан-Францискогоос, зохиолч яруу найрагч Л.Батбаяр Вашингтон ДС -ээс зорин ирж оролцсон нь энэ наадмын зочдыг баярлуулав. МЗЭ-ийн дарга Г.Мөнхцэцэг байгууллагынхаа "эрхэм шагнал"-ыг яруу найрагч Х.Тэргэлд гардуулж, нэгэн үед  Монголын утга зохиол болон яруу найрагт мөр зэрэгцэн орж ирэн "бужигнуулж" байснаа "мартаагүй шүү, бас илүү ихийг хүлээж байгаа шүү" гэдгээ "санууллаа". Яруу найрагч Н.Билгүүний уншсан "агсам" шүлэг түүний сэтгэлийн их эрч хүчийг мэдрүүлж байв. Тэд энэ орой дор бүрнээ сэтгэлийнхээ үгийг хэлцгээж, бие биенээ санаж үгүйлсэн сэтгэлээр дурсамж дүүрэн дотно яриа "хөврүүлж" байлаа. Авьяас онгодод хил хязгаар үгүй, амьдралын элдэв нугачаа тэднийг мохоодоггүй, жаргал зовлонгийн адилтгал тэднийг холдуулдаггүй гэдгийг тэд, энэ уулзалт болон чин сэтгэлийн дотно яриагаараа нотлон байв.

Энэ наадамд, хэдэн жилийн өмнө Вашингтон ДС хотноо "Би хэн бэ?" нэртэй анхны монгол жүжгийг найруулж бэлтгэн тоглуулж байсан жүжигчин Алтанбагана, Болдбаатар \Вашингтон ДС\, кино урлагт бүтээсэн дүрээрээр "шовгор" гэж нэрлэгдсэн жүжигчин Энхбаатар \Сакраменто\, СУИС-ийн "тайзны ярианы багш"-аар ажиллаж байсан Хандсүрэн \Лос-Анжелос\, өдгөө кино найруулагчийн мэргэжлээр суралцаж байгаа Сосорбарам \Лос-Анжелос\, Сан-Франциско хотноо уламжлал болон явагддаг "Утгын чимэг" наадмын 2 удаагийн "тэргүүн шагналт" Уранчимэг нар зорин ирж оролцон "мэргэжлийн ур чадвар" гэдгийг жинхэнээр нь харуулсан даа. Энэ наадмын тэргүүн байрыг эзэлсэн "Жамух" Эрдэнэбат нэгэнтээ " Энэ мундаг хүмүүстэй нэгэн тайзан дээр хамтдаа "уншиж", бас их зүйлд "суралцсандаа" баяртай байгаа" гаа өгүүлсэн.  Наадмыг зохион байгуулагчид, Денвер хотноо өмнө нь болсон "Яруу найргийн цэнгүүн"-д аав ээж, амраг ханийн тухай шүлэг их уншигдаж байсан бол энэ орой эх орон, монгол бахархал, омогшил илүү уншигдаж байгаа тухай дурдана билээ. Энэ ч бас нэгийг бодуулж, хоёрыг сануулж байв. Маргааш орой нь ая зохиогч Хунлиуз гуайн хүргэний гэрт тухлан саатсан уран бүтээлчид,"ТУЛГА" нэгдлийг санаачлагч Х.Лхамаагийн зохиож Жанцанноров гуайн аяыг нь хийсэн дууг нь сонсож байхдаа бахархаж байсан шүү.

 

Image

 

НААДМЫН ЭРГЭН ТОЙРОНД

Денверийн наадам зөвхөн яруу найраг, утга зохиолоор хязгаарлагдсангүй. Наадам болох танхимын үүдний тасалгаанд зураач М.Цогтсайхан, Л.Мөнхтөр, Ц.Эрдэнэсүрэн, хайчилбарч С.Төрбурам нарын бүтээлүүдээс гадна АНУ-дахь фото сонирхогч монголчуудын клубээс зарласан ТУСГАЛ-2 фото зургийн уралдааны шилдэг бүтээлүүд тавигдсан байв. Мөн энэ арга хэмжээнд оролцож байгаа зохиолчдын бүтээлүүдийн үзэсгэлэн худалдаа ч гарсан байлаа.

Дашрамд дурдахад энэ жилийн шилдэг фото бүтээлийн ТУСГАЛ-2 уралдааны

1-р байрыг Хулан \Вашингтон ДС\

2-р байрыг Батсайхан \Денвер\

3-р байрыг Мөнхжин \Денвер\ нар тус тус эзлэн шагнагдсан юм.

Денвер хотын төв хэсэгт орших уран зургийн байранд зураач М.Цогтсайхан болон түүний охин Ц.Эрдэнэсүрэн нарын "Нүүдэлчид" нэртэй уран зургийн үзэсгэлэн худалдаа "Уран үгсийн чуулган"-ы маргааш буюу 11 сарын 25 ны өдөр нээлтээ хийв. Монголд болон Орост зургийн сургууль төгссөн М.Цогтсайханы бүтээлүүд, АНУ-ын Бостоны ИС-д зураачийн мэргэжлээр суралцаж байгаа түүний охин Ц.Эрдэнэсүрэнгийн бүтээлүүдийг харьцуулан харахад нилээд сонин санагдаж байсан. М.Цогтсайханы бүтээлүүдэд Монголын уламжлалт ахуй болон өөрийнх нь бага насны дурсамжийн сүлэлдээн их дүрслэгдсэн байсан бол Ц.Эрдэнэсүрэнгийн бүтээлүүдэд Монголын хээ угалз бэлэгдлийн дүрслэлүүд орчин үеийн залуусын өвөрмөц сэтгэлгээтэй хослон дүрслэгдсэн байсан. Ажих ахул бидний монголчуудын цоо шинэ нэгэн үе айсаж яваа мэт. Хэдийгээр өвөрмөц ялгаа мэдрэгдэж байсан ч аав охин 2-ын "хүйн холбоо"-г  бас мэдэрч болохоор. Харин энэ наадмын үеэр зураач М.Цогтсайханыг БСШУЯ-ны "Хүндэт жуух бичиг" -ээр шагнасныг МЗЭ -ийн дарга Г.Мөнхцэцэг гардуулан өгсөн гэдгийг дурдая.

Харин 11 сарын 26 нд Дёнверийн 16-р гудамжинд орших BD's Mongolian BBQ -н байранд Лос-Анжелосийн зураач Л.Мөнхтөрийн уран бүтээлийн үзэсгэлэн худалдааны нээлт болов. Энэ бол Л.Мөнхтөрийн АНУ-д гаргаж байгаа анхны бие даасан уран бүтээлийн үзэсгэлэн аж.  Энэ үзэсгэлэнг зураач М.Цогтсайхан дэмжин зохион байгуулж байгаа гэнэ. Л.Мөнхтөр анд маань сэтгэлгээний их өвөрмөц шийдэлтэй, олонхи бүтээлүүддээ уламжлалт монгол бичгийн уран таталбрыг ихэд хослуулдаг, бас орон зайн содон дүрслэлтэй. Энэ удаагийн үзэсгэлэнд нь хүний дотоод сэтгэлийн амар амгалан оршихуйгаас бухимдал хилэн, шаналал зовлон, эргээд тайтгарлыг дүрсэлсэн цуврал бүтээл нь ихэд сонирхолтой байв. Түүнээс гадна Л.Мөнхтөр маань "Шог зураачдын олон улсын нийгэмлэгийн гишүүн" гэдгийг ч дурдах хэрэгтэй байх.

 

Image

 

СЭТГЭЛИЙН ГҮН ДЭХ БОДРОЛУУД

...Денвер хотноо аж төрдөг гэр бүлийн дотно хэдэн андууд амралтын өдрүүдээрээ аль нэгэн айлдаа зочлон очиж хамтдаа амарч цэнгэх завсраа шүлэг найраглал уншиж "сэтгэлийн таашаал" эдэлдэг болсон юм гэнэ билээ. Ам дамжин мэдээлэгдсээр анхандаа хэдхэн байсан бүл, алсдаа 9 болж өргөжсөн юм гэдэг. Сархадад биш сайхан шүлгэнд " согтож", сэтгэлийн чанад дахь гуниг жаргалаа дэлгэж, хуваалцдаг болсон тэд  ийнхүү айл айлын ТУЛГАНД найргийн ГАЛ асаажээ.  "Сайныг дагавал сарны гэрэл" гэдэгчлэн энэ л сэтгэлийн жаргал, итгэлийн цогоо Денверчүүдтэйгээ хуваалцахаар, энэ хотноо "Яруу найргийн цэнгүүн"ээ зохиосон аж. Хэдийгээр тэгж төсөөлөө ч үгүй боловч дэмжиж  цугласан олон хүмүүс тэдний сэтгэлд урам өгсөн гэдэг. Тэгж тэд Денверийнхээ ТУЛГАНД найргийн ГАЛ асааж чаджээ. Харин тэд энэ удаад АНУ-д ажиллаж амьдарч байгаа Монголчуудынхаа сэтгэлийн ТУЛГАНД найргийн гал асаалаа. Энэ удаад энэ ГАЛ-ыг МЗЭ-ийн Хороо дэмжсэн гэсэн. Харин олон олон уран бүтээлчид сэтгэлийн мухарт байсан ГАЛ-ыг минь асаалаа хэмээн тэдэнд талархаж байна билээ.

...Яг үнэндээ энэ удаагийн арга хэмжээ ямар болсон, сайн муу тал гэхчилэн би бичихгүй ээ. Би тэгж шүүж, шүүмжилдэг нь ч биш. Харин сэтгэл минь ямар их сайхан тайвшралтай бас баяртай байгаагаа мэдэж байна. Энэ удаад хүмүүс үзвэр үзэх гэж очоогүй , сэтгэлийн цэнгэлийг эдлэх гэж очсон. Сэтгэлийн гүнд "ээдсэн сүү"сэм сэмхэн дусалж "урсахыг мэдрэх" гэж, цаг цагийн урсгалд "алдагдсан итгэл" гэнэ гэнэхэн эргэж "ирэхийг мэдрэх" гэж, алс алсхан "мохсон омогшил" хором хормоор асч " бадрахыг мэдрэх" гэж зорьж очсон. Эх орноо санасан сэтгэлээ бусадтай хуваалцах гэж, энхрий дотно хайртай бүхнээ сэтгэлдээ үгүйлэх гэж, зүрхэнд хургасан шаналлаа нулимс болгон урсгах гэж, зүгээр л дотно анд нөхөддөө сайхан ерөөл хэлэх гэж, адил тавилант монголчуудаа харах гэж, алсдаа нэгдэх эвлэрлийг мэдрэх гэж л  очицгоосон.

...Ямар ч ажлыг зохион байгуулж, хүмүүст хүргэх амаргүй. Байр олох гэж, тайз засах гэж, мөнгө олох гэж, хэн нэгнийг гуйж царайчлах гэж тэд бишгүй л шаналж "зовдог". Энэ бүхний хажуугаар "хүмүүс ирэхгүй бол яана" гэх айдас дагалдаастай. Харин энэ бүхний дараа хэн нэгний хараал зүхэл, хардлага сэрдлэгээс айгаастай, халшраастай. Хүний сэтгэлд таацах юм ховор болохоор хийсэн болгоны араас хэрэгтэй хэрэггүй шүүмжлэл, үгүйсгэл мөнөөх сэтгэлийн баяр хөөр дээр "ус болон асгарна". Яг л танихгүй зочин урьсан айлын эзэгтэй мэт. Алив арга хэмжээн дээр "морилон, зочлон" очих амархан. Тухалж суугаад , үзэж харснаа "шүүмжлэх" бүр ч амархан. Шүүмжлэх хэрнээ бид хэзээ ч өөрсдөө хийдэггүй. Тухалж, нэгэн мөчид сэтгэлийн таашаал эдэлснээ гэртээ очоод л мартаж орхино. Хийхийн зовлон, хийхгүй байхын шаналлыг бид ойлгохгүй. Социалист орны тэргүүнүүд "найрсаг айлчлаад", хөрөнгөтөн орны тэргүүнүүд "доншуучлаад" гэдэг шиг Монголчууд хийхээр "муучлаад", гадныхан хийхээр "магтаад" байж бас боломгүй.

...Энэ удаагийн арга хэмжээ "анхных" болохоор алдаа оноо бишгүй л байгаа байх. Харин үүнийг жил болгон үргэжлүүлээсэй гэдэг бодлоор АНУ-д ажиллаж амьдарч байгаа монголчууддаа санаа өгөх гэсэн юм. Хэрэв жил болгон уламжлал болговол "дэмжиж чадна" гэдгээ МЗЭ-ийн дарга Г.Мөнхцэцэг амална билээ. Эхлэлийг тавьсан ТУЛГА нэгдэл энэ хэвээрээ байгаасай гэж бас хүсч байна. Мэдээж тэдний урмыг хугалж орхивол, тэд урьдын адил айл гэрийнхээ бас Денверийн ТУЛГАНЫ галаа бадраагаад л өөрсдийнхээ хуучин хэмнэлээрээ яваад байж чадна. Тэд хохирохгүй. Харин энэ галыг Америк даяар асааж чадвал бид хохирохгүй, хожих л болно. Ядаж л сэтгэл даарахгүй, бүлээхэн дулаахан байж чадна.

...Америкийн газар нутгийн төв хэсэгт Монголын гайхамшигт бэлэгдэл ТУЛГА байдаг юм. Энэ бол Денвер хот. Тэр ТУЛГАН даа найргийн ГАЛ -аа асаасан болохоор "Жамух" шиг омголон Эрдэнэбат, Чойном шиг бардамхан Нарангэрэл, "их хатад" шиг донжтой Батхишиг, Намуунбайгаль, Отгонбаяр нар тэнд байдаг юм. Энэ арга хэмжээг зохион байгуулсан Колародагийн Монголчуудын Холбоо болон, "Тулга" нэгдлийн хамт олонд маш их баярлалаа. Та бүхний ажил үйлс өөдрөг сайхан байг ээ.  Монголчуудын сэтгэлийн гал мөнхөд бадарч байг ээ. Нэгэн нэрт яруу найрагчийн хэлсэнчлэн "СЭТГЭЛД ГАЛ БАЙВААС ТУЛГАНД ГАЛ ОЛДОНО".

 

МОНГОЛЧУУД БИДНИЙГ УРЛАГИЙН ТЭНГЭР ЯНЖИНЛХАМ БУРХАН ИВЭЭГ!

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

e-mail:   Энэ имэйл хаяг нь spam bot-оос хамгаалагдсан бөгөөд үзэхийн тулд Javascript-ийг зөвшөөрөх хэрэгтэй 2011-11-29

dayarmongol.com

 




Сэтгэгдэл (3)
1. Бичсэн Zochin - 2011-12-02 11:59 - Зочин
 
 
Ynexeer saixan yil ajillagaa boljee.
 
2. Бичсэн Hooray - 2011-12-05 15:31 - Зочин
 
 
Hooray!
 
3. Бичсэн Zochin - 2011-12-06 21:18 - Зочин
 
 
Une tsenetei tsag muchiig 
Ue ueiin nairagchidtai hamt, setgeliin ochiig badraatal nairaglasan ene Naaamiig zohion baiguulsan Denveriin hamt olon ta nart ajliin amjilt husie.
 

Сэтгэгдэл Бичих
Нэр:
BBCode:Web AddressEmail AddressBold TextItalic TextUnderlined TextQuoteCodeOpen ListList ItemClose List
Сэтгэгдэл:



Түлхүүр:* Өнөөдөр Хэд дүгээр Сар Вэ?

Шинэчлэгдсэн огноо ( 2011-12-16, Баасан )
 
< өмнөх   дараах >