| Монголчууд Монте-Карлогийн наадмаас хүрэл алиалагч хүртлээ |
|
|
| Бичсэн: Administrator | ||||
| 2012-01-26, Пүрэв | ||||
|
Монголын циркийн түүх нэгэн шинэ хуудсаар баяжлаа. Монакогийн Вант Улсад болдог Циркийн наадам бол дэлхийн циркчдийн хувьд спортоор харьцуулбал Олимп нь, Дэлхийн аварга нь билээ. Энэ жил, 1 сарын 19-нөөс 29-ний өдрүүдэд уламжлалт 36 дахь удаагийн наадам болж байгаа юм. 36 жилийн энэхүү их тэмцээний түүхэнд манайх хоёр удаагаа төрийнхөө далбааг Монакогийн тэнгэрт мандуулсан амжилттай. Анх 1985 онд эгч дүү Эрдэнэтуяа, Оюунчимэг нар уран нугаралтаар “мөнгөн алиалагч”, үүний дараа Blue Sky Girls хамтлаг мөн уран нугаралтаар “хүрэл алиалагч” цом хүртэж байсан юм. Угаасаа дэлхийн циркэд Монголын уран нугаралт бранд нэр болсон төрөл.
Тэгвэл энэ удаад Монголын циркчид анх удаа акробатын төрлөөр дэлхийд нэрээ тамгалж, түүхэндээ шинэ хуудас нээлээ. Монте-Карлогийн 36 дахь наадмаас Circus Khadgaa Mongolia буюу Хадгаа Циркийн акробатчид “хүрэл алиалагч” цом хүртээд байна. “Алтан алиалагч” цом буюу нэгдүгээр байрыг Шанхайн 22 жүжигчинтэй шидэх банзтай акробатчид, мөн Францын сургуультай зааны тоглолт хүртсэн бол “Мөнгөн алиалагч” цом буюу хоёрдугаар байрыг Оросын акробатчид болон Украйны сургуультай арслангийн тоглолт, харин “Хүрэл алиалагч”-ийг манай Хадгаа циркийнхэнтэй хамт Бразилийн агаарын нисэгчид хүртсэн байна. Медаль хүртсэн Strong Acrobat хэмээх үзүүлбэрийг тус циркийг үндэслэгч, жүжигчин, найруулагч Чулуунцэндийн Хатанбаатар хагас жилийн хугацаанд найруулсан аж. Олимп, дэлхийн аваргад оролцож буй тамирчид медалийн үзүүрээс атгасан даруйд Ерөнхийлөгч зарлигаа гарган, “гавьяат” цол олгодог уламжлал боксчин Үйтүмэнгийн амжилтаас хойш тогтоод байгаа. Тиймээс ч Циркийн олимпийн энэхүү наадмын эзэнд Ерөнхийлөгч “гавьяат” цолыг шууд олгоно хэмээн итгэж байна. Монакогийн тэнгэрт намирсан Монголын далбаан дор мэхиймүй. Монгол циркчдийнхээ амжилт, авьяасанд бишрэн мөргөмүй. Мягмарын Саруул-Эрдэнэ (Вашингтон хот) dayarmongol.com
Сэтгэгдэл Бичих |
||||
| Шинэчлэгдсэн огноо ( 2012-02-03, Баасан ) | ||||
| < өмнөх | дараах > |
|---|





