Фото Агшин


image1

Бүртгэл

ТА ХОЛБОГДООГҮЙ БАЙНА.

Холбогдсон ...

Холбоотой хэрэглэгч алга

Програмууд

Галиглах
Хэмжээ



Хэзээ, Хаана, Юу?

Ямар нэгэн үйл явдал төлөвлөгдөөгүй байна.
Амьдарч чадсан гуйлгачин Хэвлэ Имэйл
(12 үнэлгээ)
Бичсэн: Administrator   
2018-02-04, Ням

 Image

Амьдралдаа алдаад хэдэн жил архидлаа. Жил бүрийн баяруудаар байнга ганцаараа байдаг болсон. Яагаад гэвэл би эхнэртээ хаягдсан, хамаатан саднууд минь намайг тоохоо байсан. Гэхдээ ганцаараа гэж би шаналдаггүй. Учир нь надад ээж минь байдаг юм. Ээждээ хааяа сүү барьж очмоор байвч гуйлгачны амьдралд мөнгө гэж зүйл ховор баялаг болохоор орой бүр гар хоосон очдог байсан. Хэдий гуйлгачин ч гэлээ би хүмүүсээс “мөнгө хайрла” гээд гудамжинд зүгээр суудаггүй. Нэгэн цагт гитарын хамтлагт гоцлол гитарчин байсан, ааваасаа сурсан аман хуурыг тоглодог байсан минь надад хэрэг болсон. Тэрийгээ тоглож би мөнгө олдог байсан юм.

Ялгаагүй, энэ гуйлга л гуйж байгаа хэрэг гэж бусдад харагдах авч сэтгэл дотроо бол би өөрийнхөө авьяасыг бусдад үнэлүүлж байна л гэж боддог байсан.


 

Хүмүүс намайг гуйлгачин гэж ярьдаг ч ягтаа бол бид бүгд л гуйлгачид шүү дээ. Өөртөө байхгүй зүйлийг бусдаас бүгд гуйдаг. Харин надад бол байхгүй юмаа гуйх найз, хамаатан садан байхгүй болохоор яалтай ч билээ, би гуйлгачин нь үнэн

Нэг өдөр би гитар, аман хуур хоёроороо зэрэг тоглоод үзсэн юм. Үнэхээр тохирсон юм шиг хослон дуугарах тэр ноот чихийг минь сортойлгосон. Би цөөн хүнтэй газарт цаасан хайрцаг урдаа тавиад тоглодог байсан бол одоо олон хүн явдаг газруудад очиж тоглодог болсон.

Тийм их олон хүний дунд байх хэцүү байсан ч одоогийн миний байдалд бардам зан ямар ч хэрэггүй зүйл байсан нь бас үнээн.
Хэд хоног тэгж тоглож суулаа. Сүүлдээ хүнээс ичихийг ч үл мэдэн гитар, аман хуур хоёроо бүх зүрх сэтгэлээрээ тоглодог болсон. Овоо олон хоног тоглосон. Цаасан хайрцаг минь өдөр бүр мөнгөөр дүүрдэг болсон.

Боломжийн мөнгөтэй болчихсон болохоор өөртөө хувцас авъя гэж бодов. Гэвч тэр мөчид ээж минь санаанд орсон. Нэг дээлээ хэтэрхий удаан өмссөнийг нь санав. Тэгээд торго авч ээждээ дээл хийлгүүлэхээр боллоо.

Оёдолчин намайг анх хараад “хэнээс мөнгө хулгайлав?” гэж пал хийтэл асуусан. Тэр үед сандарсандаа би “үгүй ээ, эгч ээ би хулгай хийдэггүй. Би өөрөө авьяасаараа олсон мөнгө” – гэж хэлээд гитар, хуур хоёроо харуулсан. Бүрэн итгээгүй байж мэдэх ч намайг лав хулгайч гэж бодохоо больсон. Улмаар бид хоёр жаахан ярьж суулаа. Би бүх түүхээ нуулгүй ярьсан. Оёдолчин эгч “миний дүү энэ дээлийг ээждээ өгөх гэж байгаа юм байна, тийм үү?” гэж асуухад нь би “Тийм ээ, ээж минь шинэ дээл өмсөөгүй удсан. Байнга ээжийгээ зовоодог болохоор нэг удаа ч болов баярлуулах гэсэн юм” гэж хэлээд нөгөө эгч рүү харахад тэр өөдөөс минь хараад “За, эгчийн дүү эгчдээ дээл хийх торгоо л аваад ир, би чамд үнэгүй хийгээд өгье” – гэж хэлсэн.
– – – –
Би баярласан. “За, би одоохон” гээд өрөөний хаалгыг гаднаас нь хаагаад торгоны дэлгүүр рүү явсан. Олон янзын торгонууд байв. Хамгийн үнэтэйг нь авъя гэхэд миний мөнгө хүрэхгүй байв. Гэхдээ хямдханыг нь бас авахыг хүсээгүй.

Дунд зэргийн үнэтэй гарт зөөлөн мэдрэгдсэн торгыг аваад оёдолчин эгч рүү эргээд гүйсэн. “Хэд хоногийн дараа ирээд авчих” гэхэд нь “за, тэгье” гээд хаалгыг нь зөөлөн хаагаад хөгжмүүдээ тэврээд гарсан.

Тэр өдрөөс хойш 7 хоног өнгөрсөн. Овоо ч мөнгө олоод комиссын хувцас худалддаг дэлгүүрээс өөртөө өмд, цамц авлаа. Тэгээд оёдолчин эгч дээрээ яваад очтол уран гоё оёдолтой сайхан дээлийг миний урд тавих нь тэр. Их баярласан. Оёдолчин эгчдээ “баярлалаа” гэж хэлчихээд ээж рүүгээ яаран гүйсэн. Тэгтэл хаанаас ч юм бэ, гэнэт л нэг машин гараад ирсэн. Нэг мэдэхэд би ээжийнхээ дээлийг хоёр гартаа тас тэврээд зам дээр хэвтэж байсан. Арай гэж замын хажуу руу гарч хашлаган дээр очоод эргээд хартал өнөө машины жолооч 10.000 төгрөг чулуудчихаад арилаад өгсөн. Хараа минь муудсан байсан болохоор дугаарыг нь харж чадаагүй. Тэр үед миний зүүн хөл л хугарсан шиг санагдсан. Алхахад их хэцүү байсан ч нэг мод олж таяг болгоод, худалдаж авсан хувцас, хийлгүүлсэн дээлээ барьсаар гэрээ зүглэсэн.

Гэртээ ойртохын хэрээр гартаа барьсан дээлээ улам чанга атгаад шүд зуун алхсан. Гэртээ орлоо. Ээж минь цай чанаад зогсож байв. “Хүү минь хөлөө яасан бэ? Юу болов” гээд ээж минь намайг түшиж сандал дээр суулгав.

“Ээж ээ, май” гээд чанга атгасан дээлээ ээждээ өгөх гэтэл тор нь цус болчихсон байхыг анзаарав. Тэр цусыг ханцуйгаараа маш хурдан арчиж амжсан. Дээлээ торноос нь гаргаад ээждээ өглөө. Аз болж дээл нь цус болоогүй байсан. “Зовоож байсанд уучлаарай” гээд өглөө. Ээж баярласандаа уйлаад намайг тэвэрч аваад үнсэхэд нь би ч уярч ээжийгээ тас тэвэрсэн.

Тэр өдрөөс хойш хөл минь муудаж алхаж чадахаа байсан. Хөгжмөө ч тоглохоо больсон. Нэг өдөр таяг тулаад эмнэлэгт очиж шинжилгээ өглөө. Эмч хэлж байна: “уучлаарай, миний дүү машинд дайруулах үедээ тархиндаа том гэмтэл авч…” – гээд үгээ гүйцээж хэлсэнгүй дуугаа хураан суулаа. Юу болсон юм бол, та яагаад дуугарахгүй байгаа юм бэ? – гэтэл “Чи өнөө маргаашгүй болсон байна. Сайндаа л 10 хоног амьд явна” гэж хэлээд өрөөнөөсөө гараад явчихав.

Намайг үхчихвэл ээж минь яах бол гэсэн бодол л тэр үед толгойд минь хамгийн түрүүнд төрсөн.
Доголсон амьтан эмнэлэгийн шатаар бууж хаалгаар нь гарлаа. Гараад хэсэг зуур сандал дээр сууж тайвшрав.
“Ээжийнхээ хажууд байвал миний үхэхийг ээж минь харна. Тэгвэл ээжийн минь зүрх дийлэхгүй харваж магад” гэж би бодлоо. Тиймээс гадаад явлаа гэж хэлээд гэрээсээ гарахаар болов.

Тэгээд сүүлчийн удаа ээжтэйгээ уулзахаар гэр рүүгээ ортол ээж минь миний хийж өгсөн дээлийг тэврээд шалан дээр хэвтэж байлаа. ЭЭЖ ЭЭ! гээд орилоод очтол ээж минь нэгэнт амьсгал хураасан байв. Ээжийгээ би чанга чангаар дуудан ориллоо. Хоёр нүднээс минь нулимс урсаж байв. Амьдрал ямар ч утгагүй болсон.
Жаахан эд хөрөнгөө зарж архичин боллоо. Гурав хоногийн дотор би ээж ч үгүй, гэр ч үгүй, итгэл ч үгүй болсон.

Хотын гудмаар архи үнэртүүлээд гуйван алхах намайг хүмүүс ХАР ГУЙЛГАЧИН, ХУВХАЙ АРХИЧИН хэмээн дуудаж байлаа. Тэр үед эмчийн хэлсэн үг санаанд орсон. Өвчнөөр үхэхгүй байя гэж шийдэв. Маргааш нь болж архи ч гарлаа. Ноорхой хувцастайгаа эмнэлэг рүү яваад орлоо. Зүрхний дутагдалд орсон хүүхдэд зүрх хэрэгтэй байгааг олж мэдлээ. Сураглатал цусны бүлэг нь надтай ижил байв. Эмчид хэлсэн: “Би донор болмоор байна. Тэр хүүхдэд миний зүрх хэрэгтэй”. Эмч татгалзсан. “Та үхнэ шүү дээ” гэж хэлсэн.
Өөрийгөө хэд хоногийн ч насгүй болсныг би эмчид хэлсэн. “Би тун удахгүй тархиныхаа гэмтлээр үхнэ. Гуйлгачин ч гэлээ миний зүрх эрүүл. Надад одоо үхлээс айх хэрэг ч байхгүй, амьд үлдэх гэж зүтгэх шалтаг ч байхгүй болсон” – гэдгээ хэлсэн. Эмч нар надад зөвшөөрсөн.

Хагалгааны тэр өдөр – миний хувьд алтан нарыг харах сүүлчийн өдөр минь байсан юм.

Тэр өдрийн нарны туяа их хурц байсанд би баярласан. Хагалгааны өрөөнд орж хэвтэхдээ ээждээ хийлгүүлсэн торгон дээлээ сүүлчийн удаа атгаж үнэрлэсэн. “Ээж ээ, хүү нь очлоо” гээд нүдээ аньсан.

Сүүлчийн амьсгал татахад зүрх минь зөөлөн цохилсоор цээжнээс минь гараад явчих нь тэр.

Амьдралд би алдсан ч амьдрах хүсэл, амьдрах шалтгаан надад байсан юм. Тэр шалтгаан бол миний ээж. Хэдий би гуйлгачин ч гэлээ бусдаас гуйж аваагүй ээж минь надад байсан юм.

Амьдрал мөнх биш. Хүн төрдөг, хүн үхдэг. Энэ жам.

Энэ жамаар би үхсэн ч миний зүрх тэр хүүгийн цээжинд үхэн үхтэл нь цохилох болно. Тиймээс би жаргалтай байна.

Амьдрал гэж зүйл зөвхөн хүний зүрх сэтгэл дээр тогтдог болохоор БИ АМЬДАРЧ ЧАДСАН ГУЙЛГАЧИН…

 

http://todmedee.com




Сэтгэгдлээ үлдээнэ үү!

Сэтгэгдэл Бичих
Нэр:
BBCode:Web AddressEmail AddressBold TextItalic TextUnderlined TextQuoteCodeOpen ListList ItemClose List
Сэтгэгдэл:



Түлхүүр:* Өнөөдөр Хэд дүгээр Сар Вэ?

Шинэчлэгдсэн огноо ( 2018-02-04, Ням )
 
дараах >