Өдөр бүр шинэ үгсийг цээжилж үгийн сангаа нэмэгдүүлэх нь шинээр хэл сурахад тустай
Бичсэн: Administrator   
2016-12-28, Лхагва

Image 

Энэ удаад залуус та бүхэнд  “Вагнер Азиа Автомотив” ХХК-ийн гүйцэтгэх захирал Гаррет Вилсон-ын зорилго, төлөвлөлт болон амжилтад хүрэх арга зам, бусад үнэт зүйлсийн талаар ярилцсанаа хүргэе.

Ирж буй 2017 ондоо улам их эрч хүчтэй, зорилготой, эрүүл амьдралын хэв маягтай болохыг хүсье. 🙂

1.Шинэ жилийн баярыг хэрхэн тэмдэглэдэг вэ?

Шинэ жил болон зул сарын баярыг гэр бүлийнхэнтэйгээ хамт тэмдэглэн өнгөрүүлдэг.

Бид баяраар хүүхдүүддээ бэлэг авч өгдөг. Бэлэг авч өгдөгийн учир нь бид хүүхдүүддээ талархсан сэтгэлээ илэрхийлж байна гэж ойлгодог.
 

2. Монголын шинэ жилийн баяр танай орноос хэр ялгаатай вэ?

Монголд шинэ жилийг маш гоё өргөн тэмдэглэдэг. Би өмнө нь хэзээ ч шинэ жилийн баярыг ийм нижгэр тэмдэглэдэг улсад очиж байгаагүй. Би ч мөн адил гоё хослол өмсөөд шинэ жилийн баярт очих дуртай. Сайхан хослолд би нугасгүй дуртай хүн. Энэ жилийн хувьд  их олон шинэ жилийн баярт уригдсан байгаа. Шинэ жилээс би маш их урам авдаг. Бүх зүйл шинээр эхэлж өнгөрсөн бүхэн ард үлдэж байна гэхээр дахиад илүү их зүйлийг хийх бүтээх урам, зориг төрдөг.

3. Та Монголд нилээн хугацааг өнгөрүүлж байгаа. Монголоос танд юу нь их авууштай санагдаж байна вэ?

Надад Монгол хүмүүсийн хандлага болон тэдний мөрөөдөл зорилго таалагддаг. Хичнээн хүнд хэцүү нөхцөлд хүсэл мөрөөдлөө гээгээгүй инээмсэглэн явж чаддаг хүмүүс. Хичнээн бага цалин авч байсан ч яаж ийж байгаад мөнгө олоод, түүнийгээ амьдрал ахуйдаа хүргээд байдаг их тэвчээртэй, шаргуу ард түмэн. Түүнээс гадна Монголчууд гэр бүлээ их дээдэлдэг, хүндэлдэг, гэр амьтай хүмүүс. Тэд үр хүүхэд болон ээж аав, хамаатан саднуудтайгаа маш ойр дотно харилцаатай байдаг.

4. Зорилгоо тодорхойлж, төлөвлөгөө гаргадаг хүмүүс бусдаас илүү амжилттай байдаг шүү дээ. Таны хувьд?

Би маш их төлөвлөгөө гаргадаг. Хувийн болон ажлын төлөвлөгөөг гаргаад түүнийхээ дагуу тууштай ажиллаад явах дуртай. Мөн жил бүр би шинэ зорилго тодорхойлон түүндээ хүрэх гэж зүтгэдэг.

5.  Өнгөрч буй 2016 оны хувьд та өөртөө ямар зорилго тавьсан байсан бэ? Түүндээ хүрч чадсан уу?

2016 оны хувьд би гэр бүл болон хувийн ажил, карьер, орлогын эх үүсвэрүүдтэй холбоотой маш тодорхой зорилгууд тавьсан байсан. Гэхдээ одоогоор ажлаас гадна хоёр, гуравдахь орлогын эх үүсвэртэй холбоотой зорилгуудаа тодорхой нөхцөл шалтгаанаас хамааран  хараахан  100 хувь биелүүлж чадаагүй байгаа. Гэхдээ би ирэх онд биелүүлж чадаагүй зорилгуудаа улам томруулаад илүү их цагийг зарцуулан амжилттай биелүүлнэ гэж итгэж байна. Надад Монголд нэг шинэлэг зүйлийг оруулж ирэх гайхалтай санаа байгаа. Түүнийгээ ирэх онд хэрэгжүүлнээ.

6.  Та ирж буй 2017 оны зорилгоо тодорхойлсон уу?

Яг одоогоор хараахан тодорхой болгож амжаагүй байна. Илүүтэй 2016 оны зорилго дээрээ төвлөрөн ажиллаж байна.

7. Монгол хүмүүс хийж бүтээх оргилуун хүсэл тэмүүлэлтэй ч гэсэн түүнийгээ хэрэгжүүлэх маршрутыг гаргахдаа дутмаг байгаад байдаг. Монгол хүмүүст тэр дундаа залуучуудад та зорилгоо зөв тодорхойлон төлөвлөгөө гаргадаг байх тал дээр зөвлөвөл?

Миний хувьд зорилго олон байх тусмаа илүү их төлөвлөгөө гаргах шаардлагатай болдог. Цаг хугацаа гэдэг эргэн олддоггүй үнэтэй зүйл учир түүнийг үр дүнтэй өнгөрүүлэх хамгийн чухал хэрэгсэл бол-төлөвлөлт. Би ямар ч өдрийг үр дүнгүй өнгөрүүлэх дургүй. Тиймээс өдөр бүр хийх ажлын жагсаалтаа гаргаад түүнийгээ биелүүлснээр гэрлүүгээ би аз жаргалтай харьж чаддаг. Монгол залуучууд ч мөн адил хувийн болон ажлын төлөвлөгөөгөө сайн гаргавал, түүндээ үнэнчээр хүрдэг байж чадна.

8. Та төлөвлөгөөгөө хэрхэн гаргадаг вэ?

Хүн төлөвлөгөө гаргахын тулд хаашаа явж буйгаа мэдэх нь хамгийн чухал. Миний хувьд өөртөө биелүүлэхэд амархан зорилго тавихыг хүсдэггүй. Тиймээс аль болох хүрэхэд хэцүү зорилгоо эхэлж тодорхойлдог. Тэгээд түүнийгээ хэрэгжүүлэхэд шаардлагатай алхмуудыг бичиж тэмдэглэдэг.

Би зорилгоо:

  • Гэр бүлийн хувьд:

Эцэг байхын хариуцлага

Нөхөр байхын хариуцлага

Аав ээждээ би хүү нь байхын хариуцлага

  • Олон нийттэй харилцах харилцааны хувьд:

Нийтэч хүн байх

  • Итгэл үнэмшлийн хувьд:

Өдөр бүр библээс унших

  • Эрүүл мэндийн хувьд:
  • Санхүүгийн хувьд:
  • Ажил мэргэжлийн хувьд:
  • Боловсрол,оюун ухаанаа дээшлүүлэхийн тулд гэх мэтээр нарийн ангилан түүнийхээ дагуу төлөвлөгөөг гаргадаг.
САНАЛ БОЛГОХ  Таныг амжилттай байхад туслах 12 өглөөний дадал

9. Зарим үед янз бүрийн шалтгаанаас болж хийх ёстой ажил бүтэхгүй байх зэргээр шантрах үе байдаг шүү дээ. Энэ үед та өөрийгөө яаж хурцалдаг вэ?

Би багаасаа ямар ч ажлыг түүртэлгүй хийхэд суралцсан. Айлын ганц эрэгтэй хүүхэд нь байсан учраас ч тэр үү аав бид хоёр бүхий л ажлуудыг хамтдаа хийдэг байсан.  Аав маань намайг ажилд сургаж, хөдөлмөрийн үнэ цэнийг ойлгуулсан нь урдах ажлаа шантралгүй хийхэд  тус болдог.Үүний ачаар би маш их урам зоригтой хүн болж хүмүүжсэн. Тиймээс шантрах, сэтгэлээр унах үе надад бараг гардаггүй.

10. Та гадаад хэлийг хэрхэн өндөр түвшинд эзэмшсэн бэ?

Ямар нэгэн зүйлийг хийх хүсэл нь байвал л арга нь байдаг.

Би Монгол хэлийг сурахыг маш их хүссэн. Хүнд өөрийгөө ойлгуулж чадахгүй байх нь маш хэцүү. Одоо ч гэсэн би зарим Монгол яриа эсвэл хошин шог зэргийг муу ойлгох үе байдаг. Гэхдээ л би ойлгомжгүй үг хэллэг сонсох бүртээ түүний учрыг олохыг, орчуулахыг хичээдэг. Тиймээс өдөр бүр шинэ үгсийг цээжилж үгийн сангаа нэмэгдүүлэх нь шинээр хэл сурахад тустай.

11. Нэг өдрийн ажлыг тууштай хийх нь амжилтанд хүргэдэг.

Би өдөр бүр төлөвлөгөөнийхөө дагуу тууштай ажиллаж амьдардаг. Миний хийх зүйлс тодорхой учраас би бараг өдөр бүр л адилхан зүйлсийг хийдэг. Зарим үед төлөвлөгөөг өөрчлөх гэнэтийн зүйлс гарч ирсэн ч  гэсэн би өөрийнхөө замаар явахыг илүүд үздэг.

12.   Би Монголоор хамгийн сайн ярьдаг гадаад хүн болохыг хүсдэг

Би их амбицтай хүн.Би шинэ зүйлийг сурах, төгс эзэмших хүсэл тэмүүлэлтэй. Одоо ч гэсэн би Монголоор хамгийн сайн ярьдаг гадаад хүн болох юм сан гэж хүсдэг.

13. Шашин шүтлэгтэй хүмүүс амьдарлыг зөв дадал, зөв хэмнэлтэй байдаг.

Бурхан хүмүүсийг зөвөөр амьдарч, сайн зүйлс хийгээсэй гэж хүсдэг. Түүний хүслийн дагуу зөв замаар амьдарч, зөв дадлыг хэвшүүлэх нь чухал. Зөвхөн үйлдэл төдийгүй, үг хэл, бодол санаагаа ч мөн адил зөв байлгах хэрэгтэй.

14.  Хүүхдүүдийг багаас нь бие даалгуулах нь чухал.

Би хүүхдүүдээ бие дааж, өөрөө өөртөө эзэн нь болсон хариуцлагатай хүмүүс болгон өсгөхийг эрмэлздэг. Түүнд ч мөн нөлөөлөх зорилгоор зарим зүйлсийг хийж байгаа. Жишээлбэл, би хүүгээ комьпютерын ард суухаас илүүтэй спортлог нэгэн болоосой гэж хүсдэг. Тиймээс хүүгээ дагуулж фитнест хэдэн удаа явсан.

15. Архидалт хүүхдүүдийн хүсэл зоригийг унтраадаг.

Монголд архидалт их байдаг. Ичгүүргүй, хэтрүүлэн архи уух нь буруу. Энэ нь даамжраад хүүхдүүдэд болон нийгэмд маш муугаар нөлөөлдөг. Болж өгвөл архийг огт хэрэглэхгүй байх нь зөв сонголт. Ирэх ондоо Монголчууд архигүй нийгэмтэй болоосой гэж би хүсч байна.

16. Би компанийнхаа нийгмийн хариуцлагыг илүү их дэмжин ажиллахыг хичээдэг.

Хайр энэрлээр дутагдсан хүүхдүүдэд тусалж, тэдэнд тус дэм болох нь чухал. Болж өгвөл би өөрөө тийм хүмүүсийн нэг нь байхыг хүсдэг. Тиймээс би компанийнхаа нийгмийн хариуцлагын хөтөлбөрийг илүү их дэмжин ажиллахыг хичээдэг.

17. Ямар ч мулгуу хүн юмны өө сэвийг харж, шүүмжилж чаддаг. Гэхдээ жинхэнэ мэргэн хүн шүүмжлэлд гарцыг санал болгодог.

Миний ментор 17 жилийн өмнө  надад дээрх үгийг хэлж байсан. Гарцыг санал болголгүйгээр шүүмжлэх нь зүгээр л “гонгинож” байгаагаас ялгаагүй.  Тиймээс амьдрал дээр болон олон нийтийн сүлжээнд бүгдээрээ эерэг байцгаая. Түүнээс гадна хэрвээ ямар нэгэн зүйлийг шүүмжлэх гэж байгаа бол гарцыг давхар санал болгож байя.

Ярилцсанд баярлалаа!

www.billie.mn





Сэтгэгдлээ үлдээнэ үү!

Сэтгэгдэл Бичих
Нэр:
BBCode:Web AddressEmail AddressBold TextItalic TextUnderlined TextQuoteCodeOpen ListList ItemClose List
Сэтгэгдэл:



Түлхүүр:* Өнөөдөр Хэд дүгээр Сар Вэ?

Шинэчлэгдсэн огноо ( 2017-01-24, Мягмар )