Гадуурхал
Бичсэн: Administrator   
2017-07-12, Лхагва
 Image
 
Өчигдөр хүүтэйгээ утсаар нэлээд удаан ярилаа. Ярианы явцад ийш тийшээ хазайсны нэг нь Мексик хүүхэд залуучууд, арьс өнгө, гадуурхлын талаар яриа нэлээд яриа өрнүүлэв.
 
Хүү маань хэлж байна: Энд сурч байгаа оюутан Мексик /латин америк гаралтай бүх хүүхдүүдийг оруулаад/ хүүхдүүд маш зовлон, гадуурхагдана гэдгийг хамгийн бодитоор үзсэн байдаг юм билээ. Ялангуяа Аризона, Texas мужуудад амьдардаг, амьдарч байсан хүүхдүүд хөршөөс өгсүүлээд яг л наци германууд шиг сайн дурын зэвсэгтэй зэвсэггүй үндэсний үзэлтэй цагаанууд үргэлж зовоодог. Дэлгүүр орохдоо хүртэл зүрхшээдэг, хүнд элдвээр хэлүүлэх бол наад захын хэрэг байдаг.
 
Би: Харин тиймээ. Өөрсдөө ч дүүрч. Хүүхдээ арьс өнгө, гаднах үзэмжээр нь гадуурхагдуулахыг харахад ээж аавд нь ямар хэцүү байдаг болоо. Хамгийн либерал гэгдэх Орегонд л гэхэд яаж байна. Би л бол хичнээн шүтлэг бэрхшээлтэй байсан хүүхдээ эрсдэлд оруулахгүйн тулд алчуур битгийн зүү гэж хэлнээ. /Өнгөрсөн 5  сард алчуур зүүсэн 2 муслим охин уруу нэг цагаан залуу дайраад өмөөрсөн 2 залууг хутгалж алаад, нэгийг нь гэмтээсэн/.
 
Хүү: Алчуур зүүхгүй бол тамд унана гэдэг юм байна лээ.
Би: Гэхдээ л орчин нөхцөлдөө тохируулж арга хэмжээ авах л ёстой ш дээ. Хүүхдийн амийг эрсдэлд оруулж байгаа зүйлээс нь эцэг эх шийдвэр гаргаж сэргийлэх ёстой биз дээ.
Тэгээд өнөөдөр энэ бичлэгийг үзээд нулимс дуслуулав. https://www.facebook.com/UnitedWeDream/?hc_ref=PAGES_TIMELINE&fref=nf

Эдгээр хүүхдүүд баривчлагдана, зодуулна, элдвээр хэлүүлнэ. Тэгээд л тэмцээд байна. Жагсана, том том гишүүд, дарга нарт асуулт тавина, үүдэнд нь хононо, гадаа нь жагсана. Бууж өгнө гэж байхгүй. Ард нь өөрсдийн ирээдүй, ар гэр нь, аав ээжийнх нь амьдрал шалтгаалах болохоор ийм их зориг тэвчээр, бэрхшээлийг давдаг байх даа.

Тэгээд бодлоо. Надаас энэн зэргийг зориг, тэвчээр гарах уу? За за болчихёо гээд буугаад өгөх үү? Өөрийнхөө зөв гэж бодсон зүйлийнхээ төлөө ийнхүү уйгагүй зүтгэх хүмүүсийг үнэн сэтгэлээсээ хүндэлнэв. Хэдийгээр заримых нь үзэл бодолтой миний нийлдэггүй ч нүүр номын хуудаснаа хүмүүст элдвээр хэлүүлээд зогсохгүй тэмцэх хүмүүсийн тэвчээр хатуужлыг хараад миний бие тэднээр бахархах бөлгөө.

Саяхан Үндсэн хуулийг зөрчих учраас /Muslim ban/ Трампын үгэнд оролгүйгээр ажлаасаа халагдсан United States Deputy Attorney General байсан Sally Yates-ийн нэгэн хуулийн сургууль төгсөгчдөд хэлсэн үгийг сонссон билээ. Сонсвол зөвхөн хуулийн мэргэжлээр явах залуучууд гэлтгүй нийтэд хамааралтай зүлйийг хэлж ярьсан юм.

Тэрээр /товчилбол/: Би ажлынхаа хүрээнд амьдралдаа дандаа аюулгүй замыг сонгодог хүмүүстээ нэлээд тааралддаг. Энэ нь янз бүрээр илэрч байдаг. Жишээ нь хэдийгээр яллагдагч нь гэмт хэрэг хийсэн нь үнэн боловч батлахад төвөгтэй хэргээс зайлсхийж, хамгийн ялагдахгүй байх магадлалтай хэргийг л сонгож авдаг яллагч, үйлчлүүлэгчийнх нь эрх ашигт аль нь амгийн тустайг биш өөрт нь буцаж асуудал болохооргүй зөвлөгөөг сонгож өгөх өмгөөлөгч, өрөөн доторх ярианы өнгө хандлага хаашаа явж байгаагаас шалтгаалан үгээ сонгох хүн, хичнээн зөв ч дарга, удирдлагадаа сонсохыг нь хүсэхгүй байгаа зүйлийг нь хэлэхээс татгалздаг хүн, эсвэл өөрийнхөө ижил бодолтой хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлсэн дарга нар гээд л. Тэд магадгүй корпораци, байгуулагын нэлээд гайгүй албан тушаалаар дээш өгсөж, эсвэл хуулийн фирмийн түншүүд болох зэргээр гайгүй амьдралд хүрдэг байх. Гэхдээ л та нар тэд нар шиг болохыг хүсч байна гэж үү? Ийм амьдралыг сонгосноор та нар сэтгэл дүүрэн амьдарч чадна гэж үү? Иймэрхүү маягаар та нар хуулийн ажил хийж байвал та нарыг ажлаа хийж чадаж байна гэж би хэлэхгүй. Ажлаа хийнэ гэдэг нь та нар хэн нэгний үнэт зүйл, үзэл бодлын тусгал байх ёстой биш, удирдагч чинь чамаас үнэнийг сонсдог, чамд итгэл үзүүлдэг байхыг хэлнэ.
 
Миний туршлагаас гэвэл надад миний бурууг хэлэхээс айдаггүй тийм л хүмүүсийн зөвлөгөөнд би итгэж хүлээж авдаг байсан. Би анхаарал болгоомжгүй байхыг зөвлөж байгаа хэрэг биш шүү. Миний үзлээр үнэхээр утга учиртай амьдрая, ажиллая /хуулийн чиглэлд/ гэвэл чи эрсдэл хийхэд, эвгүй байдалд ороход бэлэн, зоригтой шийдэмгий байх ёстой. Нэгэнт л эрсдэл хийж байгаа тохиолдолд заримдаа чи алдаж болно. Алдаа нь заримдаа бидэнд гадуурхагдлыг авчирдаг. Гэхдээ алдаа гаргана гэдэг айдас чамайг юм хийхийг чинь зогсоохгүй байх гэж найдаж байна. Хэрэгтэй цагт юу ч хийхгүй байх, дуугарахгүй байх, буруу зүйлийг зөвшөөрөөд дуугүй дагаад байна гэдэг өөрөө сонголт. Миний амьдралын туршид миний хэрэгтэй үед юу ч хийгээгүй үе л надад хамгийн харамслыг авчирдаг. Алдаа гаргахад бэлэн байна гэдэг нь бас өөрийн алдаагаа хүлээн зөвшөөрөх бэлэн байна гэсэн үг. Хүн бүр л алдаа гаргадаг. Гэхдээ ямар нэгэн эргэлзээтэй зүйл дээр оролцолгүй өөрийгөө хамгаалж гарынхаа хээгээ үлдээхийг хүсэхгүй байх, зарим асуудал үүсгэсэн зүйлсээс хариуцлага үүрэхгүй зугтаах нь түүнээс хэд дахин долоон дор. Энэ нь ерөнхийдөө хол явахгүйгээс гадна чиний хамт ажилладаг хүмүүс, эргэн тойрны хүмүүс чинь чамайг юм буруугаар эргэсэн үед олсоо таслаад зугтаана гэдгийг мэдэрч байвал чамд ч хэзээ ч итгэл найдвар үзүүлэхгүй. Итгэл үзүүлэхгүй байна гэдэг нь чамайг томоохон амжилтандаа багтаахгүй гэсэн үг. Мэдээж зоригтой шийдэмгий, эрсдэл хийх, хариуцлагаа үүрнэ гэдэг амаргүй зүйл. Чиний инстинкт чинь чамайг аль болох аюулгүй, эрсдэлгүй зам уруу чирэх болно. Гэвч би та нарт энэ инстинктээ эсэргүүц гэж зөвлөе. Тэгэхгүй бол та нар сэтгэл ханамжгүй амьдрахаас гадна та нар хэн нэгний амьдрал, хорвоо ертөнцөнд өөрчлөлтийг хийж чадахгүй болов уу. Өөрөөр хэлбэл чи амьдралд зүгээр урсаад өнгөрөх эсвэл нөлөө үзүүлэх 2-ын аль нэгийг сонгох хэрэгтэй болно гэсэн үг.

Америкийн ерөнхийлөгчийн урдаас үгүй гэж хэлсэн хүн ийм л үг хэлж байна даа. Аргагүй л мундаг хүн мундаг л байдаг юм байна лээ.
 
Д. Баяраа
http://bayaraasacto.blogspot.com/



Сэтгэгдэл (1)
1. Бичсэн Zochin - 2017-07-24 15:03 - Зочин
 
 
Bid ch bas end yalguuldagsh dee.Haltaruud bol azuudad burch muu !
 

Сэтгэгдэл Бичих
Нэр:
BBCode:Web AddressEmail AddressBold TextItalic TextUnderlined TextQuoteCodeOpen ListList ItemClose List
Сэтгэгдэл:



Түлхүүр:* Өнөөдөр Хэд дүгээр Сар Вэ?